Монголын брэнд Европын зах зээлд гарна

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас санаачлан өнөөдөр Польшийн бизнес эрхлэгчидтэй хамтарсан анхдугаар форумыг зохион байгууллаа. Энэ үеэр “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ийн тэргүүн, “Exlusive” ХХК-ийн захирал Г.Майцэцэг хэлэхдээ “Бизнес эрхлэгчид бид гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэн зах зээлээ гадашаа тэлэх нь энэ хүнд нөхцлөөс гарах цорын ганц гарц гэж харж байна. Өнөөдөр бид анхны бизнес форумыг Польшуудтай хамтраад хийж байна. Форумын үеэр Польшийн “Кашмер” компани Монголын “Exlusive” компанитай гэрээ хийж байгаа. Бид гэрээний хүрээнд ирэх есдүгээр сарын эхээр Польшийн Краков хотод анхны монгол брэндийн дэлгүүр нээх гэж байна. Бид тус дэлгүүрт тавигдах бараа бүтээгдэхүүнийхээ дээжээс сонирхуулж байна. Польшийн компани худалдаа борлуулалт тал дээрээ анхаарал хандуулах юм. Ингэснээр монголчууд бид худалдан авагчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, загвар дизайн дээрээ анхаарна.
Энэ дэлгүүрт дан ганц манай “Exlusive” компанийн бүтээгдэхүүн биш монголын маань ноос ноолуур, арьс шир, гар урлал хийж байгаа бүх ААН-үүдэд хамаатай юм. Яагаад гэвэл монголын гэдэг тодотголтой бүхнээ уг дэлгүүрт нийлүүлэх боломжтой. Польш бол монголчуудын хувьд европ руу гарах коридор болж байна. Энэ удаагийн эдийн засгийн форум дээр хувиараа бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн байгаа. Тэд аль загварыг манай байгууллага хийж чадах вэ гэдгээ тохироод захиалгаа аваад Польш тал руу нийлүүлнэ” гэлээ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ