23 401 даатгуулагчийг урамшуулж, шинжилгээнд хамруулжээ

img

 

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам”-ыг шинэчлэн баталж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан 3 жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулаагүй даатгуулагчийг урамшууллын тусламж, үйлчилгээ буюу оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2014, 2015 онд зохион байгуулжээ.

 

Хүн амын өвчлөлийн судалгаанд үндэслэн даатгуулагчийн урамшууллын оношилгоо, шинжилгээний ерөнхий, харшлын, хавдрын гэсэн гурван багцыг тодорхойлж, даатгуулагч эдгээр багцаас сонгох, урамшууллын тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр өөрийн сонгосон эмнэлгээс авах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

Түүнчлэн даатгуулагч урамшуулалд хамрагдах эрхээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт (www.ndaatgal.mn)-аар онлайн хэлбэрээр шалгаж оношилгоо, шинжилгээнд ямар нэг нэмэлт төлбөргүйгээр хамрагдсанаараа онцлог байсан аж.

 

2014 онд улсын хэмжээнд 70, 2015 онд 82 төрийн болон лабораторийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүд урамшууллын оношилгоо, шинжилгээг нийт 23 401 даатгуулагчид үзүүлсэн байна.

 

Даатгуулагчдын 76 хувь нь ерөнхий багц, 22 хувь нь хавдрын багц, 2 хувь нь харшлын багцыг сонгож оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын сангаас 2,1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

 

Даатгуулагчийн урамшууллын үзлэг шинжилгээ нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт дууссантай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болсон аж.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулж байхаар боллоо.

 

Өөрөөр хэлбэл шимтгэлээ хуулийн хугацаанд тогтмол төлсөн даатгуулагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг даатгалын сангаас төлүүлсэн эсэхээс үл хамаараад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд орох боломжтой болох юм.

 

Ингэснээр даатгуулагч өвдсөний дараа биш өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэллээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ug ni ih heregtei yum, siter ni orood erhee shalgasan ch uzuulj amjsanguidee
2015-09-09
Зочин:
Hezee haana tegsiin.hudlaa hutsaad
2015-08-06