Шийдлийн Засгийн газарт улс төрийн дэмжлэг байгаагүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулахыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Хуралдааны дараа С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үгнээс харвал төрийн албан хаагчдыг халж, сэлгэсэн нь таныг буруутгах гол шалтгаан болсон бололтой?
-Төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэсэн асуудал яриад байна. Намайг Хөдөлмөрийн сайдаар томилогдоход манай яамны бүх газар, хэлтэс, харьяа байгууллагын дарга нар бүгд Төрийн албаны болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Мэргэжлийн боловсролын хуулийг зөрчөөд хоёр жил гаруйн хугацаанд түр орлон гүйцэтгэгч статустай байсан. Тиймээс би хууль хэрэгжүүлэх хүрээнд Төрийн албаны зөвлөлтэй хамтраад бүх хэлтэс, газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн хүмүүсийг томилж, ажилд нь оруулсан. Харамсалтай нь тэр сонгон шалгаруулалтад өмнө нь түр орлон гүйцэтгэгч байсан, АН-ын гишүүн хүмүүсийн ихэнх нь ороогүй. Орсон хэсэг нь төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Ийм л учиртай. Түүнээс би төрийн албаны тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчдыг халж, сольсон асуудал ерөөсөө байхгүй. Дээр нь намайг хууль зөрчиж, албан хаагчдыг халсан гэсэн шүүхийн нэг ч тогтоол байхгүй.
-Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргаж байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол хувь хүнээс шалтгаалж байгаа асуудал биш. Бид ажлаа сайн, муу хийсэн гээд огцорч байгаа асуудал биш. Хоёр намын хамтран ажиллах гэрээ цуцлагдаж байгаатай холбоотойгоор манай нам засгаас гарч байгаа асуудал. Би нэг л зүйлд харамсаж байна. Бид ардчилсан нийгэмд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс. Тиймээс гэрээ байгуулсан бол хоёр тал гэрээ дүгнэж байж цуцлах ёстой. Нэг талын шийдвэрээр гэрээг цуцлах ёсгүй. АН улс төрийн соёлгүй гэдгээ л харуулж байна.
-Танхим дотор намаар талцах, үл ойлголцох асуудал үүсч байсан уу?
-Танхимд үл ойлголцсон, МАН-ын зургаан сайд хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авсан асуудал гарч байгаагүй. Бид аль болох богино хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийг өөд татахын төлөө хамтран ажилласан. Нэг зүйлийг шууд хэлэхэд Шийдлийн Засгийн газарт улс төрийн дэмжлэг байгаагүй. УИХ тэр дундаа АН-ын бүлгээс Шийдлийн Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлээгүй.
-Ерөнхий сайд МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барихаасаа өмнө та нарт мэдэгдсэн үү?
-Ерөнхий сайдын хувь хүний талаас танхимын зургаан сайдыг огцруулах асуудал жаахан эвгүй байсан байх. Биднийг хүлээн авч уулзан улс төрийн байдалд шахаанд байгааг, намын шийдвэрийг дагахаас өөр арга алга гэдгийг хэлсэн. Бидний зүгээс огцруулах асуудал оруулахад гомдох зүйл байхгүй. Энэ хувь хүний асуудал биш. Нам, улс төрийн шийдвэр гэдгийг хэлсэн.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ