ГССҮТ цусны хомсдолд ороогүй

img

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг цусны нөөцгүй болсон талаар мэдээлэл гараад буй.

 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Манай эмнэлэгийн цусны нөөц дуусаагүй. Гэхдээ өдөрт ойролцоогоор 250-300 хүн үйлчлүүлдэг тул цусны хэрэгцээ шаардлага их байдаг. Зөвхөн Түлэнхийн төв гэхгүй шаардлагатай үед эмнэлийнхээ Цусны тасагт захиалгаа өгөөд авдаг юм.

 

Эмнэлэгт хэзээд цусны хэрэгцээ шаардлага байдаг тул Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс 2015.08.07-ны өдөр буюу өнөөдөр цус хуримтлуулах "Донор" аяныг зохион байгуулахаар болсон юм. Энэ арга хэмжээний талаар нэг хүн өөрийн фейсбүүк хуудсандаа утгын алдаатай мэдээлэл бичсэнээс үүдэн Тзлэнхийн төвийн цусны нөөц хүрэлцээгүй болсон гэсэн ташаа мэдээлэл тарсан байна” гэлээ.

 

Дашрамд дуулгахад, манай улсад сүүлийн жилүүдэд цусаа хандивлагчдын тоо эрс буураад байгаа аж. Тиймээс ачаалал ихтэй ажилладаг Гэмтэл согог, судлалын төв төдийгүй Цусны төв ч нөөцийн байнгын дутагдалд орох болсон. Тиймээс "Цусны донор " болж, өөртэйгээ  хэзээ ч тааралдахгүй эрдэнэт хүний амийг аварч, эрүүл мэндийг сайжруулан амьдрал бэлэглээрэй.  Та нэг удаа сэтгэл харамгүйгээр цусаа сайн дураараа бэлэглэснээр гурван хүний амийг аврах юм шүү. Зөвхөн тэдний амь насыг аварснаар хайртай  бүл, найз нөхөдөд нь аз жаргалыг бэлэглэж байгаа хэрэг юм.

 

Хэрвээ та цусаа сайн дураараа өгч,  өвдөж шаналсан хэн нэгэнд тус болохыг хүсвэл доорхи санамжийг дагаарай.

Санамж: 16-наас дээш насны шаралж байгаагүй хүмүүс өгж болно.

Цус өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхтэйгээ очоорой.

Мөн өмнөх орой нь өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх ёстой гэнэ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ