Унага үйлдвэрлэдэг ээжүүд веб сайттай болжээ

img

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ зөөлөн тоглоом үйлдвэрлэдэг ээж нар бүтээгдхүүнээ интернэтээр худалдаалах боломжтой болжээ.

 

Тодруулбал, 2009 онд байгуулагдсан “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас санаачлан өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан гэртээ суудаг ээж нартай хамтран зөөлөн тоглоом урлаж, үйлдвэрлэх ажлыг хийж ирсэн юм. Эдгээр ээжүүдийг зөөлөн тоглоом, тэр дундаа үндэсний хэв маягийг илтгэсэн унага үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс андахгүй.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа тэдэнд халамжаас 52 800, хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гээд 115 мянган төгрөг, нийтдээ 170 мянга орчим төгрөгний сарын орлого л оногддог. Эдгээр ээжүүд тогтсон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдүүдийнх нь хэрэгцээ шаардлага, эмчилгээ, асаргааны зардал өндөр байдаг тул өмнө нь гэрээрээ гар урлалын зүйл хийж, амьдралдаа нэмэр болдог байсан аж.  

 

Харин одоо ээжүүд хамтраад унагаа үйлдвэрлэж, байгууллагуудын захиалгаар өөр олон төрлийн зөөлөн тоглоом хийдэг болсон. Тэгвэл саяхнаас унага хийдэг ээжүүд чихмэл тоглоомуудаа олон нийтэд илүү сурталчилж, захиалга авдаг өөрийн гэсэн веб сайттай болж, хүрээгээ улам тэлэх боломжтой болсон байна.

 

Ингэснээр ээжүүдийн хийдэг зөөлөн тоглоомыг илүү олон хүн худалдан авч, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн амьдралд болон хүүхдүүдэд тусалж байгаа алхам болох гэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.apm.mn/chuchu цахим хуудаснаас аваарай.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ