Б.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ

Налайх дүүрэгт өнгөрөгч зургаадугаар сарын 10-нд гал түймэрт гэр нь шатах үеэр 16 настай Г.Цэрэнтогтох хүү, 8 сартай А.Амарболд дүүгээ галаас авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэйгээр эмнэлгийн тусламж авч байсан билээ. Хүүгийн эмчилгээг монголдоо хийх боломжгүй тул БНСУ-ын Хангасү эмнэлэгийг зорьсон.
Дүүгээ аврахын төлөө өөрийгөө үл хайрласан түүний эмчилгээний зардал 150 сая орчим вон буюу 270 орчим сая төгрөг болох юм. Эмчилгээний зардалд нэмэр болохоор сайхан сэтгэлтэй монголчууд маань сайн үйлсийн аян өрнүүлж, 210 гаруй сая төгрөгийн хандив цуглуулан өгөөд байгаа аж.
Тэгвэл хүүгийн ээж М.Болортуяа “Цэрэнтогтох хүүд амьдрал бэлэглэе” фейсбүүк дэх цахим хуудсандаа “Сайн байна уу. Элэг нэгт монголчууд аа. Хүү минь та бүхнийхээ сайхан сэтгэлийн хүчээр бие нь улам сайжирч байна. Өнөөдрөөс гадаа гарахыг эмч нь зөвшөөрсөн. Гэхдээ өдөрт 2 цаг л гарна гэсэн. Эх орондоо эрүүл болоод буцах цаг тун ч дөхөж байна даа. Та бүхэндээ маш их баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн талархалаа илэрхийлжээ.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ