Уйдах завгүй цэргийн амьдрал

Алтанбулагийн ам, Туулын дэнж нов ногоон уулс, толгодын дунд “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дугаар анги оршино. Энд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 1000 орчим залуу цэргийн алба хааж буй билээ. Цэргийн дүрэмт хувцсаар жигдэрч, дашмаг зүүсэн бүсэндээ “Цэргийн ерөнхий бэлтгэл” ном хавчуулсан хөрслөг бор цэргүүд гүйлдэнэ.
Энд 66 их, дээд сургуулийн 986 оюутан ийнхүү цэргийн амьдралаар амьдарч, цэргийн эрдэмд суралцан, цэрэг эрс болон бэлтгэгдэж байгаа юм. Өнөөдөр тэднийг эргэж, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар БХ-ийн сайд Ц.Цолмон, оюутнуудаа цэргийн албанд илгээсэн зарим их, дээд сургуулийн захирлууд болон бусад албаны хүмүүс зорьж очсон юм.
“Оюутан-цэргүүд өнгөрөгч зургаадугаар сарын 15-ны өдрөөс цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдаж, буудагч-тасгийн дарга мэргэжил эзэмшин, хугацаат цэргийн албан хаагчидтай эн зэрэгцэхүйц ихэд сайн суралцаж байгаа аж. Түүнээс өмнө дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын 96 цагийн сургалтад хамрагдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журам батлуулж 2014 онд 418 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэж байсан. Харин энэ жил оюутан-цэргүүдийн тоо хоёр дахин өсчээ.
Энэ жил БХИС-иас хамгийн олон буюу 176 оюутан-цэрэг ирсэн бол ШУТИС, МУИС, МУБИС-иуд 100 гаруй оюутан цэрэгт мордуулснаараа удаалж байлаа. Оюутан-цэргүүд маш шахуу хуваарьтай цэргийн эрдэмд суралцдаг, Өглөөний 06:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 10 цагийн хичээл ордог гэж Ерөнхий зохицуулагч нь хэлж байсан. Оюутан-цэргүүд ч мөн уйдах завгүй цэргийн амьдрал сайхан байгааг ярьж, их олон зүйлийг сурч мэдэж, тэвсэр хатуужилд суралцаж буйгаа хэлсэн.
Энэ хугацаанд оюутан-цэргүүд цэргийн эрдэм, мэдлэгт суралцахаас гадна тамхинаас гарсан, илүүдэл жингээ хассан, суудлын өвчнөөс ангижирсан зэрэг дэвшилттэй алхам олныг хийжээ.
Өнөөдөр цэрэгт ирсэн оюутан-цэргүүдийн олонх нь өөрийн саналаар ирсэн гэдгийг хэлж байсан юм. БХ-ийн сайд Ц.Цолмон “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг залуус сайн мэддэг, түүнд хамрагдахын төлөө хүсч тэмүүлж байгаа нь нэн сайшаалтай. Бид оюутан залуусын энэ хүсэл, санаачлагыг бүрэн дэмжиж, бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлж байгаа. Ерөнхийлөгчийн зарлигт заасанчлан суралцаж буй мэргэжлээс нь үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хөтөлбөр улам чанаржиж өргөжин, Батлан хамгаалах бэлтгэлжилттэй оюутан залуусын тоо улам нэмэгдэж цэргийн алба хаах нэг үндсэн төрөл болж хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан.
“Оюутан цэрэг” хөтөлбөртэй холбоотойгоор багш, эцэг эхчүүд болон оюутан залуусаас “Цаг хугацаа хэмнэсэн, эдийн засгийн хувьд ашигтай, залуусын хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлж байна гэсэн санал, хүсэлт иржээ. Тухайлбал, нэг жилд нэг хугацаат цэргийн алба хаагчид 4.4 сая төгрөг зарцуулдаг бол оюутан-цэрэгт 1.3 сая төгрөгийн зардал гарч байгаа нь хэмнэлттэй байна гэж холбогдох албаны хүн тайлбарлаж байсан.
“Гар утас, интернэт гэх мэт харилцаа холбооны техник хэрэгсэл ашиглах боломжгүй, гадны хүнтэй уулзахгүй вакум орчинд зөвхөн оюутан-цэргүүдийн сургалтад зориулан боловсруулсан “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” гэсэн хоёр номыг ашиглан, дэвтэр, үзэггүйгээр сургалтыг явуулсан. Оюутан-цэргүүд номоо уншаад багшаар тайлбарлуулан дахин дахин давтан дасгал сургуулилт хийх замаар, цэргийн эрчимжсэн сургалтын модуль блокын арга зүйгээр сургалтын төхөөрөмжлөгдсөн есөн цэгийг дамжин амжилттай хичээллэж байна. Бид Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор ажиллана гэдэг чиглэлтэй. Түүнийхээ дагуу амжилттай явж байгаа” гэж “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржав ярилаа. Мөн тэрбээр оюутан-цэргүүдийг сургахаар бүтэн хоёр сарын турш гэртээ ч харих завгүйгээр ажиллаж буй офицер, албан хаагчдад холбогдох газраас анхаарал хандуулах хэрэгтэй байгааг ч онцолж байв.
Цэргийн байр зүйн сургалтын Байгаль газар орны онцлог шинжээр зүг чиг тодорхойлох хичээлд суралцаж буй оюутан-цэргүүд модны тайрдсаар хэрхэн зүг чиг баримжаалахыг бидэнд заав. Модны шигүү хэсгээр хойд, сийрэгээр урд зүгийг баримжаалж болох боломжтой. Олонх тохиолдолд модны холтостой зузаан тал нь хойд зүгийг заадаг гэдгийг бид ч бас мэдэж авав.
Тэдний жагсаал сүртэй. Оюутан байлдагчид 1, 2, 3, 4 гэж тоолоод эгнээ зэрэгцэн, эгнэн жигдэрч алхаад “Эрхэм дэслэгчийн амрыг эрье”, “”Монгол Улсын төлөө зүтгэе” гэх нь жавхаалаг, “...Эх орондоо тангараг өргөөд. Энгүй баяртай алхаж байна” гэж жагсаалын дуу гаргах нь золбоолог.
Ийнхүү оюутан-цэргүүд нийт дөрвөн сарын хугацаанд 656 цаг цэргийн вакумжуулсан орчинд цэргийн эрчимтэй сургалтаар суралцаж, буудагч-тасгийн дарга бага мэргэжил эзэмшин, бие бялдбар чийрэгжиж, ёс суртахуун төлөвшиж байна. Тэд удахгүй халагдана. Цэргийн алба хаагаад аав, ээждээ, сургуульдаа очно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ