Н.Наранцогт: Бүх зүйл нь уйдашгүй

img

Гэрэл зургийг Г.Өнөболд

 

Уйдах завгүй сурч боловсорч, эр цэргийн эрдэм, амьдралд суралцаж буй оюутан-байлдагчдийн нэг, 1 дүгээр мотобуудлагын батальоны 4 дүгээр мотобуудлагын ротын 1 дүгээр мотобуудлагын салааны байлдагч Н.Наранцогттой ярилцлаа. 

 

-За байлдагчийн амьдрал ямар байна. Аль нутгаас оюутан болоод, оюутан-цэргийн албанд ирэв? 

Гэрэл зургийг Г.Өнөболд

-Сайхан байна. Маш олон зүйлийг сурч байна. Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ЕБС-иа төгссөн. “Эм Ай Ю” дээд сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний ангийн оюутан. Энэ намар хоёрдугаар курст элсэн суралцана. Манай сургуулиас зургаан хүүхэд ирсэн.

 

-Мундаг цэрэг болжээ та нар. Албандаа хэрхэн дасан зохицов. Үүнийг яаж сурна даа гэсэн бодол байсан байх.

 

-Эхний долоо хоног жаахан хэцүү байсан. Хотын нэгэн хэвийн амьдралтай, дуртай зүйлээ, хүссэн цагтаа хийдэг байсан хүмүүсийн орчин солигдоод бүх юм цагийн хуваарь, тушаал командын дагуу байх нь төвөгтэй байсан. Одоо бол ямар ч асуудалгүй. Гоё байна. Бүгдээрээ адилхан ийшээ тэмүүлж ирсэн 1000 аавын хүү хамтдаа суралцаад, бүх зүйлдээ хамтдаа хичээгээд сайхан байна. Манай салаа, ротын дарга нар бүх юмыг заахдаа цэргүүдтэйгээ тулж ажиллан, нарийн сургадаг. Өөлөөд байх муухай юм алга.

 

-Захны даавуугаа хадаж сурчээ.

 

-Инээв. Би зургаадугаар сарын 15-нд хоёрдугаар ээлжээр ирсэн. Ирсэн оройгоо усанд орж, асартаа байрлаад л захны даавуугаа сольсон. Он жавууд бүгд өөрөө хадаж байгаа. Оройн тооныхоо өмнө захны даавуугаа сольж хаддаг.

 

-Хэдий богинохон хугацаанд ч гэсэн хугацаат цэргийн алба хаагчдын сурч, хийдэг зүйлсийг сурч байна. Аль нь сонирхолтой санагдаж байна вэ?

 

-Тиймээ. Бүх зүйлийг заалгаж, давтаж, сурч байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь хоногийн хээрийн сургууль, галын бэлтгэл, зэвсэгт ажиллагаа сонирхолтой. Бүх зүйл нь уйдашгүй. Хотод нэг юмыг олон давтан хийвэл уйдаад л орхидог. Харин энд бол хийгээд байх тусам улам сонирхолтой болоод байх /инээв/.

 

-Цэрэг гэж ярихаараа л нүдэнд чинь баяр гийгээд энэ албанд их сонирхолтой юм шиг.

 

-Би энд өөрийнхөө хүсэл, сонирхолоор ирсэн. Манай ах хилийн цэрэг. Би өөрөө ах шигээ цэргийн хүн болно гэж боддог байсан. Гэхдээ элсэлтийн шалгалт өгөөд инженерийн чиглэлээр сургуульд орчихсон. Өнгөрөгч 10 дугаар сард болсон цэрэг татлагын үеэр явчихъя гэсэн чинь аав, ээж маань сурч байхдаа жил алдаад дэмий гээд явж чадаагүй. Гэтэл хоёрдугаар сард оюутан-цэрэг хөтөлбөрийн танилцуулга манай сургууль дээр ирсэн. Тэгээд л өөрөө дуртай болохоор дурлаж байж ирсэн. Энд ирээд их юм сурлаа. Наад зах нь илүү тэсвэр хатуужилтай болж байна.

 

-Ярианы төгсгөлд анхны сэтгэгдлийг нь сонсъё.

 

-Шалганы хаалгаар орж ирэхэд чанга, чанга хоолойтой хүмүүс яриад, хашгираад, загнаад ч байгаа юм шиг. Манай цолтой хүмүүс, дэслэгчид л байсан. Тэр үед жаахан айдас төрсөн. Гэхдээ 2-3 хоноод ер нь ойлгосон /инээв/. Манай дарга нар цагийн хуваарьтай юм дуусснаас хойш ах дүү, аав шиг л байдаг. Удахгүй халагдана гэхээр жаахан хорогдох сэтгэл төрөөд байна /инээв/.

 

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зөв. Одоогийн залуус цэргийн аоба хаах хэрэгтэй. Бидний үед 3 жил хаадаг байлаа. Цэргийн алоба та нарыг жинхэнэ эр хүн болгодог юм.
2015-08-10