Би сайд болмоор байна

Эрх баригч хүчин АН-ынхан Засгийн зүсэм бялуунаас хувь хүртэх гэж унтах нойроо умартан үзэлцэж байна. Тус нам “Алтангадас”, Зүүний хүчин, Кроуны, “Нэг ардчилал” гээд бүлэг, фракц олонтойг ч хэлэх үү. Сайдын суудалд “жаран чавганц” уралдаж, уралцаж байгаа дуулдана. Засгийн газрын гишүүн бол улс төрийн албан тушаал. Тиймээс энэ удаад эрх баригчид намын төв аппаратад байгаа журмын нөхдөө жийж, дан дээлээ давхар болгохоор АН-ын бүлгийнхэн дотроосоо сайдыг томилохоор, томилогдохоор өрсөлдөж байна.
Эдүгээ салбараа мэддэг эрхэм сайдаар томилогдоод ирээсэй хэмээн яам, тамгын газрын мэргэжилтнүүд ханцуйдаа залбирч байгаа биз. Харамсалтай нь сайд гэдэг улс төрийн томилгоо болохоор дотроо дэмжлэгтэй, амбицтай, лобби сайтай эрхэм л томилогдоно.
Хамтарсан Засгийн газрын МАН-ын 6 сайдын орны суудлыг АН-3, МАХН-1, ИЗНН-1, бие даагч-1 тус тус хувааж авсан сураг байна. Эрх баригчид Сангийн яам, БХБЯ, ЗТЯ-ыг өөрсдөдөө авч байгаа бололтой. Энэ гурван суудалд бүлгийн гишүүдийн өрсөлдөөн өрнөж байгаа.
Сангийн сайдад Р.Амаржаргал, Я.Санжмятав нарын нэр явж байна. Гэхдээ Я.Санжмятавыг томилох дээр бараг л тохироо бүрдсэн сураг дуулдана лээ. БХБ-ын сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэр дуулдсан. Гэхдээ хөндлөнгөөс нэрээ дэвшүүлж байгаа эрхмүүд ч байгаа сурагтай. Зам, тээврийн сайдаар УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг томилогдоно гэсэн таамаглал хүчтэй явж байсан. Гэвч бүлгээсээ сайд томилогдох яриа гарснаас хойш энэ албан тушаалд Л.Эрдэнэчимэг гишүүн “ногоон гэрэл”-ээр явж байгаа бололтой. Түүнийг сайдаар томилогдох үүргээ хаврын чуулганы хугацаанд биелүүлсэн гэж үзэх олон хүн байна. Тэгээд ч АН-ын дарга "баруун гар"-аа дан дээлтэй үлдээхгүй болов уу.
Дэд бүтцийн чухал салбарын нэг Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэгийн томилогдох сургаар АН-ын дан дээлтэй бусад түшээд ч “Би сайд болъё, хэдхэн сарын хугацаанд ямар ч салбарт хамаагүй сайдын алба хашаад, зүтгээд үзье. Би чадна, Л.Эрдэнэчимэгээс илүү шүү” гэж өндөлзөж, цөс нь хөөрч, тогтож сууж чадахгүй цовхчиж байгаа дуулдана. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн М.Зоригт “нэг уяач нөхөр сайд болъё, зүтгээд үзье гэхийн” хэмээн жиргэсэн байх вэ?
Уг нь МАН-ын 6 сайдыг огцруулахтай зэрэгцээд эсвэл маргаашнаас нь л цаг алдалгүй дараагийн сайдад томилох хүнээ Ерөнхий сайд өргөн барихаар байлаа. УИХ-ын хаврын чуулган энэ 7 хоногт хуралдаад хаалтаа хийнэ. МАН-тай хамтарсан гэрээгээ цуцалж, сайдыг огцруулах асуудлаа шийдчихсэн. Одоо шинэ сайдуудыг томилчихвол ээлжит бус чуулган үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэлээ гэсэн үг.
Сайдуудын нэрийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 6 сайдыг томилох гэж төөрөгдөж, будилан өнөөг хүртэл өргөн барихгүй байгаа бус. Улс төрийн нөхцөл байдал түүнийг өөрийн шийдвэрийг бус бусдын, удирдлагуудын үгийг дагахад хүргэж байгаа.
Тиймээс л сайдыг томилох асуудал өнөөг хүртэл өргөн баригдаагүй байна. Засгийн газарт хамтарсан бусад нам хэнийг сайдад нэр дэвшүүлэх шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан биз. Харин АН улс төрийн тохироондоо хүрч чадахгүй хөлөө жийлцсээр байгаа дуулдана.
Засгийн газар сайд нарын асуудлаа оруулаад ирвэл МАН дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ер нь МАН-д энэ хувилбар нь ирэх өдрүүдээ тооцоход нийгэмд илүү эерэг тусна. Шинээр томилогдох сайд нар ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс бус санаачлагыг гартаа авч, салбараа удирдан зангидна гэдэг юу л бол. Тэр дундаа сонгуулийн жилийн өмнөхөн томилогдон сайд болж намтрын хуудсаа нэмж, салбартаа туг барих эрхэм.
Энэ өрсөлдөөнөөс харахад сайдын албан тушаал хаших хугацаа богино ч үнэ цэнээ алдаж, “salе” зарладаггүй бололтой.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ