Тэрбум 900 сая орчим төгрөг буцалтгүй тусламж авна

Чехийн хөгжлийн Агентлагаас манай улсад 1 тэрбум 900 сая орчим төгрөг буцалтгүй тусламжаар өгөхөөр боллоо.
Монгол орны ойн сангийн экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж, хамгаалах, доройтолд орсон газар нутгуудад ойг нөхөн сэргээж модны үр суулгахад Чех улсын туршлага дээр үндэслэн “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болж буйгаа БОНХАЖЯ, Чехийн хөгжлийн Агентлагаас өчигдөр танилцуулжээ.
Энэ үеэр БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Монгол орны ой бүхий нутагт тулгараад байгаа асуудлын нэг болох ойн доройтол, хомсдлыг зогсооход ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд үр ашигтай, тогтвортой менежмент дутагдаж байна. Тиймээс өнгөрсөн оны долдугаар сард БОНХАЖЯ, Чехийн хөгжлийн Агентлагтай “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хамтран хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан юм. Мөн цаашид тогтвортой менежментийн урт хугацааны төлөвлөгөөний арга, аргачлалыг боловсруулан удирдах зөвлөлөө байгуулж санхүүжилтийн хөрөнгөө шийдвэрлэсэн гэжээ.
Төслийн хүрээнд Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн зүүн талын хэсэгт хэрэгжүүлж буй ХААИС-ын харъяа Дархан-Уул аймаг дахь ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Хонгор сумын сум дундын ойн ангийг түшиглэн 100 мянга орчим далд үндэсний систем бүхий тарьц ургуулах “Патрик”-технологтой мод үржүүлгийн хоёр загвар төв байгуулжээ.
Мөн Улаанбаатар хот, Хөвсгөл, Архангай, Хэнтий зэрэг хангайн нутгийн ойн бүс, бүслүүрт тохиромжтой ойн үр түүх болон мод үржүүлгийн газар байгуулах боломжтой байршлыг олж тогтоон судалж байгаа юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ