Бээжингийн төв талбайд алхах Монгол цэрэг

+30 хэмийн бүгчим халуун өдөр. Үдээс хойшийн нар зулай цоолом шарж, марш алхаанд жигдэрсэн цэргүүдийн хөл тавих тоолонд тоос пур хийх талбайн цемент хөл доороос төөнөнө. Зүгээр зогсоо бидэнд ийм хэцүү байхад тэдэнд ямар байгаа бол гэж бодогдох. Гэвч парад хувцсаар ижилсэж, жагсаалд жигдэрсэн монгол цэргүүдэд халсан, халширсан шинж огтоос алга байлаа.
Жавхаалаг, сүрлэг жагсаалын эзэн тэд БНХАУ-ын Бээжин хотын төв талбай /Тянь-Аньмэний/-д болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаа төлөөлөн алхах юм.
Цэргийн ёслолын жагсаалд оролцох алба хаагчдын бэлтгэл өнгөрөгч долоодугаар сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Тэгвэл өчигдөр цэрэг эрсийн жагсаалын бэлтгэл явцтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат нарын албаны хүмүүс танилцлаа.
Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги салбарын 13 алба хаагч нийт 76 цэрэг эрс оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэдний тав нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч аж.
Мөн ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим алба хаагч энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож буй юм байна. Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар “Парадын бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба хаагчдыг ерөөсөө цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэж ярьсан.
180 см болон түүнээс дээш 2-3 см-ийн өндөртэй залуус цэргийн жагсаалд эгнэн жигдэрч алхаж байгаа гэсэн. Тэд эгэл жирийн байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой Монгол цэргүүд. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлаж, Монгол цэргүүд өмнөх түүхэнд монгол цэргийн байгуулсан алдар гавьяаг дуурсгаж, өдгөө тэдний нэр төрийг өргөж БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд алхана.
Жагсаалын командлагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ “Бид хувцас формноосоо эхлээд цэргийн алба, жагсаалч байдал, хараа гаргалт, алхалт гээд бүх талаараа онцлог байх болно” гэж хэлсэн. Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаанталбайд Ялалтын баярын ёслолын жагсаалд оролцохдоо 284 метр зайд хөл тавьж алхсан. Харин БНХАУ-ын Бээжин хотын Тянь-Аньмэний талбайд Чөлөөлөх дайны 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд 820 шахам метр алхана.
Манай цэргүүдийн эх орондоо хийх бэлтгэл сургуулилт энэ сарын 15-ны өдөр дуусч, тэд БНХАУ-ыг зорино. Тэнд очоод зургаан удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэх аж. Дэлхийн 16 орны цэрэг эрс оролцох Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотын талбайд болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ