Орост хэвлэгдсэн 38 номыг хоригложээ
2015-08-12

Украины эрх баригчид Орост хэвлэгдсэн болон орос зохиолчдын бичсэн ном худалдахыг хориглосон шийдвэр гаргаж, зохиолч, сэтгүүлчдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Эрх баригчид “Үзэн ядах үзэл”, “Салан тусгаарлах бодлого” гэх мэт утгатай Оросын хэвлэх үйлдвэрээр хэвлэгдсэн 38 номонд хориг тавьж, зах зээлээс шахаж эхэлсэн байна. Мөн эдгээр номыг номын дэлгүүр, номын сан, худалдааны төв болон захад борлуулахыг хатуу хориглож, энэ сардаа багтааж номоо эргүүлэн татахыг зохиолчдод нь үүрэгджээ.

 

Энэхүү шийдвэрээс болж олон мянган зохиолч Киев хотноо “Хэвлэлийн дайн” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тус хоригт Оросын хэд хэдэн зохиолч багтсан болохыг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Украины төрийн мэдлийн “Ukraine post” агентлаг тун удахгүй хоригт багтсан номуудыг нийтэд зарлахаар болсон гэж өөрийн сайтдаа мэдээлсэн байна.

 

Өнгөрсөн сард Украины соёлын яам нэрт жүжигчин Жерар Депардье, Сербийн кино найруулагч Эмир Кустурица, АНУ-ын найруулагч Оливер Стоун, жүжигчин Стивен Сигал нарыг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж кино, нэвтрүүлгийг нь Украинд гаргахыг хориглосон юм. Украины зүүн хязгаарын нөхцөл байдал хүндэрсний дараа Оросын 14 сувгийг хаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин