Ц.Мөнхбаярыг өршөөлд хамруулсан

УИХ-ын чуулганаар өчигдөр Өршөөлийн хуулийг хаалттай горимоор хэлэлцэж баталсан юм. Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр хэлэхдээ “Өчигдрийн Чуулган болон Байнгын хурлын хуралдаанд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Гэхдээ ерөнхий зарчмуудыг бол харж байсан. Тухайлбал, Өршөөлийн хууль батлагдсанаар одоо хоригдож байгаа 7000 мянга гаруй хүнээс 3000 орчим нь ямар нэгэн хэмжээгээр хамрагдаж байгаа.
Хөнгөн, хүндэвтэр гэмт хэргүүд, хүнд гэмт хэрэгтэй ч хохирлоо нөхөн төлсөн, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хүн бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч, авсан мөнгөө тушааж байж өршөөлд хамрагдана шүү гэсэн зарчмаар явна гэсэн ерөнхий ойлголт байна. Энэ ойлголцлынхоо хүрээнд хуулиа гаргасан гэж би ойлгож байгаа. Миний хувьд Өргөдлийн байнгын хороогоор дамжин ирсэн нэг том хүсэлт байсан. Энэ нь “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярын асуудал.
Түүнд 177.1 гэдэг зүйл ангиар ял оноож, 7.3 жилийн ял оноосон. Ямар ч байсан Ц.Мөнхбаярт холбоотой хэргийг өршөөлд хамруулсан. Одоогийн эрүүгийн хэрэг чинь зарчмын хувьд хөнгөн хүндийг нь багтааж, давхар ял эдлүүлдэг. Тэгэхээр хүнд зүйл анги нь өршөөлд хамрагдаж байгаа учраас түүний хэрэг нааштай шийдэгдэх болов уу гэж найдаж байна. Авилга албан тушаалын хэрэг дээр гишүүдийн байр суурь янз бүр байгаа. Ерөнхийлөгчийн хувьд тодорхой асуудлууд дээр хориг тавих байх.
Би тэгж ойлгож байна. Ерөнхийлөгчийн хоригийг ч хүлээж авч дэмжих гишүүд цөөнгүй байгаа. Өршөөлийн хууль батлагдчихсан ч Ерөнхийлөгчийн хоригийг давж байж цаашаа хэрэгжинэ. Тэгэхээр энэ асуудалд нухацтай хандах ёстой гэж бодож байна. Хэрвээ Өршөөлийн хуулинд алдаа гарсан бол засаж залруулаад явах боломж бололцоо байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ