Хорватын иргэнийг цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Египетийн нийслэл Каир хотноо ажиллаж, амьдарч байсан Хорват улсын иргэн Томаслав Салопив гэгчийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жилийн хугацаанд хэт даврагчид Европын долоон иргэнийг цаазалжээ. 30 настай Томаслав Салопив байгалийн хий, газрын тосны мэргэжилтэн бөгөөд Египетийн нэгэн компанид зөвлөгөө өгч байжээ.
Хорватын иргэн хэзээ барьцаалагдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр хоёр долоо хоногийн өмнөөс сураггүй болсон гэв. Түүнийг Египетийн шоронд хоригдож буй исламын шашинтай нэг эмэгтэйгээр солих саналыг хэт даврагчид Каирын удирдлагуудад тавьсан ч татгалзсан хариу авчээ. Хоёр тал тохиролцсон бол солилцоо Синай хойгт болох байжээ.
Томаслав амиа алдахаасаа өмнө “Намайг таньдаг хүмүүс шаналах хэрэггүй. Би аль хэдийнэ хувь тавилантайгаа эвлэрсэн. Би айхгүй байна. Би үхлээс айхгүй байна. Намайг хамгаалахыг хүссэн бүхэнд баярлалаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ