Бүрхэг тэнгэр

УИХ-ын дарга З.Энхболдын 156 тоот захирамжаар бол ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх ёстой. Гэвч одоогоор чуулган хэдээс хаагдах талаар ямар ч мэдээлэл алга. УИХ-ын хэвлэлийн албаныхан ч энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Эхний тодорхой бус зүйл.
Гишүүдийн амралтын цагаар яаравчлан, хүчээр хуралдуулсан ээлжит бус чуулган зорилгоо биелүүлсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас МАН-ынхныг хөөх эхний зорилгоо амжилттай биелүүлж, Эдийн засгийн ил тод байдал болоод Өршөөлийн хуулийг ч баталчихсан. Хаанаас нь ч харсан эрх баригчдын хүч түрэн хийсэн энэ бүхэн олон нийтээс таатай үнэлгээ аваагүй. Засгийн газрын асуудал, Өршөөлийн тухай хуулийн хэрхэн хэрэгжүүлэх нь өнөөдөр ч эцэслэн шийдэгдээгүй байна. Гэвч өнгөрсөн бороог яалтай ч билээ. Харин одоо бол эхэлсэн ажлаа дуусгах шаардлагатай байна. Засгийн газраас хөөсөн сайд нарын суудлыг нөхөх томилгоог яаравчлах шаардлагатайг ар араасаа хөврөх намрын ажлууд сануулж буй. Гэтэл сайд нарын нэр ч бүрхэг хэвээр. Тодорхойгүй дараагийн асуудал энэ.
Засгийн газрынх нь бүрэлдэхүүний асуудал ид яригдаж байхад Ерөнхий сайд шинэ үйлдвэрийн нээлтэд оролцон, тууз хайчилж явна. Нэгэнт өөрөөс нь хамаарахгүйгээр явагдаж буй асуудал учраас тэрбээр томилгооны асуудлыг намын дарга нарт үлдээсэн биз. Сайд нарын нэрийг өргөн барих үүрэг л түүнд үлдсэн бололтой. Гэвч хэзээ өргөн барих нь мөн л тодорхойгүй. Ээлжит нэгэн тодорхой бус нь.
Дөнгөж сая АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзаж. Тэд сайд нарын томилгооны асуудлаар ярилцсан ч шийдэлд хүрсэнгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Манай эвслийн бүлэг Засгийн газарт хэдэн суудал авах тухайгаа тодорхой болгоогүй байгаа. З.Энхболд даргатай сайд нарыг томилох асуудлаар анхны уулзалтаа хийлээ. Одоогоор аль нам хэдэн суудал авах талаар эцсийн шийдвэр гараагүй байна” хэмээн мөн л бүрхэг зүйл ярьж. Аль нам нь хэдэн суудал авах нь ч тодорхойгүй.
Монголын төрд яг одоо шийдлээ хүлээж буй ганц чухал асуудал бол Засгийн газрын бүрэлдэхүүн. Гэвч энэ асуудлаар тодорхой ганц ч зүйл алга. Монголын нийгмийн гал тогооны ажлыг Засгийн газар хариуцдаг. Товчхондоо Засгийн газарт хийх ажил мундахгүй их бий гэсэн үг. Харин УИХ бол хойморт суугаад хууль баталж, захирч, тушаадаг. Гал тогоонд бохир аяга таваг бөөгнөрч, хөргөгч мах гурилгүй болсон эсэх нь УИХ-д тийм ч их хамаатай, чухал асуудал биш. Дээр нь УИХ-ын дарга нь эрх баригч намын удирдлага. Аль ч албан тушаалаас нь харсан намдаа л ашигтай талыг баримтална уу гэхээс Засгийн газрыг төдийлөн хайхрахгүй. Тиймдээ ч энэ асуудалд яаравчилж, улс, эх орны асуудал, нөхцөл байдал гэж хуурмаг царайлах нэгэн ч алга. Тодорхой бус, шийдээгүй, ярилцаж байна гэх бүрхэг үгс шидэлсэн, ширэн нүүртнүүд л холхилдож, толхилцож байна. Бүрхэг тэнгэр яаж ч аяглахыг таахад бэрх. Аадар эсвэл шиврээ бороо орж, бүр шороогоор шуурч ч магадгүй.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ