Ц.Элбэгдорж: Монгол төрийн бодлогыг авлигач тодорхойлдог боллоо
Монгол Улсад прокурорын байгууллага үүсч, хөгжсөний 85 жилийн ой, Прокурорын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ ойд зориулсан баярын хурал СТӨ-нд болж байна. Хурал Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан прокурорын байгууллагын түүхэн замналын талаар илтгэл тавьж, УИХ-ын дэд дарга Л.Цог тус байгууллагад ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцав. Мөн УИХ-ын дарга З.Энхболд баярын мэндчилгээ илгээснийг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат уншиж танилцуулав.
Энэхүү хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэн, баяр хүргэв. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.
- Шүүх эрх мэдлийг шинэчлэх, хэрэгжүүлэхэд чин сэтгэлээсээ дэмжсэн хүмүүс бол манай прокурорууд, шүүхийнхэн, хуулийн байгууллагынхан. Тиймээс та бүхэнд талархал илэрхийлж, баярлалаа гэж хэлэх гэж ирсэн юм.
- Прокурорын ажил бол хэцүү ажил. Чи хууль зөрчсөн байна гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Энэ хэрийн аавын хүү, ээжийн охин хийдэг ажил биш.
- Авлига, албан тушаалын хэргийг жирийн иргэн хийдэггүй. Үүнийг албан тушаалтай хүн хийдэг. Хуулийг юу ч биш гэж боддог, энэ хэргийг хийсэн ч шийтгүүлэхгүй чадалтай хүн гэж эрдэж, бардсан хүн хийдэг.
- Хулгайч хүн ихэнхдээ нэг хүнийг хохироодог. Харин авлигач бол бүгдээс нь хулгай хийдэг.
- Авлигийн мөнгө маш хүчтэй байдаг. Авлигач мөнгийг тэрбум тэрбумаар нь авч, эргүүлээд өөрийнхөө ул мөрийг баллахын тулд тийм системийг ажиллуулахын тулд цацдаг.
- Авлигийн мөнгөөр бүхнийг худалдан авч байна. Улс төрийн намыг, фракц, телевиз, радио, вэб сайтыг, та бүхний хамгийн их итгэдэг шударга хүнийг чинь худалдан авч байна. Шударга өмгөөлөгчийг худалдан авч байна.
- Өнөөдөр хүмүүс авлигийн хэргийн талаар ярихаас айж, зүрхшээж байна.
- Өнөөдөр авлигач танай гэрт ороод суучихсан байна. Хэдэн зуун саяар захиалгат нэвтрүүлэг хийж, зурагтын чинь дэлгэцээр цацаж байна. Өнөөдөр та нар хойноос нь явж, цээжнийхээ махыг барж явж, нэг авлигачийг бариад шийтгэсэн чинь хүүхдүүд нь “Ээжээ, ааваа таны шийтгэсэн хүн чинь ийм л гавьяатай хүн байсан байна” гэж хэлж байна. Ингэж ард түмнийг гэнэн, мартамхай, өрөвч гэж харж байна.
- Авлигач өнөөдөр УИХ-д төлөөлөлтэй. Түүгээрээ дамжуулж хууль гаргах гэж оролддог болсон.
- Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Тийм жирийн иргэн байдаг юм уу. Тийм борчуудын хүүхэд бий юу. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юу.
- Ийм хүмүүс ганц нэгээр яригддаг байсан бол одоо нэг хэсгээр ярьдаг боллоо. Нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо энэ хүмүүс хууль гаргадаг боллоо. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юу, хэдэн сайдыг огцруулах, хэнийг ажиллуулах үгүйг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах, ямар ажлыг зогсоох уу гэдгийг шийддэг боллоо. Ийм байж болох уу.
- Та нарт Монголын төрөөс өгсөн эрх бий. Авлигачийг та нар бөхөлзүүлэх ёстой. Авлигачийн өмнө та нар бөхөлзөж болохгүй. Мөнгөтэйд нь битгий үйлчил ээ. Мөнгөгүй, чадалгүй нэгэнд нь үйлчил.
- Авлигын хамгийн аюултай нь Монголын төрийг өөрийн болгож байна. Ард түмний төр байх ёстой. Гэтэл ард түмний төрийг замаас булааж байна. Яг зэвсэгт дээрэмчид шиг булааж авч байна.
- УИХ-ын гишүүд гэдэг чинь тоотой, 76-уулаа. Тэднийг дотор нь намаар нь, фракц, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хуваана. Тэгээд хүсэл зоригоо тэдэнд тулгана.
- Миний л хэлсэн сайдыг сонго гэж Ерөнхий сайдыг дарамталж байна.
- Зөвхөн төрийн албаар дамжуулж мөнгө хийдэг, баяжих гэж үздэг тэр хүмүүс, хүнээс яаж салах вэ гэдэг нь өнөөдөр асуудал болоод байна.
- Тэр бүрэн эрхээр хуяглагдсан, тэр хэд хэдэн удаа сонгогдсон үздэг, тэр өөрийгөө шударга гэж үздэг, эх орныхоо төлөө гэж орилж чаддаг. Гэхдээ цаанаа хамаг муухайгаа нуусан байдаг. Энэ хүмүүсээс яаж салах вэ.
- Авлигатай тэмцэнэ, эсэргүүцнэ гэдэг бол миний араншин. Түүнээс амлалт биш.
- Их мөнгөнд бууж өгөхгүй шударга ёсны төлөө тэмцэж байгаа хуулийн байгууллагын ажилтан, төрийн хууль цаазны зөвлөхүүдийг өмөөрөх болно. Тэр хүмүүсийн талд би зогсох болно.
- Шүүхээр ялтан гэдэг нь шийдэгдсэн хүн зөвлөгөө өгөхөөр ирсэн гэнэ. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ.
- Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголд ирж байна. Төрийн ордонд бол хүн салхилаад байдаг газар биш. Тэр авлигач хамсаатнуудаа аваад ир. Гадагш нь гаргасан тэр олон сая тэрбум, доллараа аваад ир. Дүүгээ, хамсаатнаа авч ирээд Монголд салхил. Салхигүй газраар явж зовж яах юм бэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ