Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх Комисс байгууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг сонсч, хуулийг хэрэгжүүлэх Комисс байгуулах асуудлыг хэлэлцэв. Дараагаар нь хуулийг хэрэгжүүлэх Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Комисст яагаад МАН-ын бүлгийн гишүүд ороогүй вэ?
-МАН-ын бүлгийн гишүүд оролцсон. МАН-ын бүлгээс Комисст хүн оруулах боломжгүй гэсэн. ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн орсон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Комисст ЦЕГ-ын даргыг оруулвал ямар вэ гэж байсан. Яагаад оруулсангүй вэ. Мөн УИХ-ын тогтоолоор байгуулах ажлын хэсэг нийслэлийн орлогч орохгүй гэдгээ мэдэгдсэн байсан. Хуулийг хэрэгжүүлэхийн эсрэг төрийн албан хаагч ийм мэдэгдэл хийж болох уу? Хариуцлага тооцно биз дээ?
-УМБГ-ын даргыг Комисст оруулсан. Чуулган дээр төлөөлөл байх нь зүйтэй гэж ярилцсан. Хотоос Комиссын бүрэлдэхүүнд орохгүй гэж мэдэгдсэн байсан. Ингэж болохгүй. Хэрвээ өөрөө орохгүй бол албан тушаалаа өгөөд, өөр хүн оруулж болно.
Ийнхүү асуулт асуулж, хариулт авсаны дараагаар Комисс байгуулах тухай санал хураалт явуулав. Гишүүдийн 78.5 хувийн саналаар Комисс байгуулахыг батлав.
Дараагаар нь Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг бүхэлд нь батлахаар санал хураалт явууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Г.Уянга “АН, “Шударга ёс” эвслийн хамтын ажиллагаа Өршөөлийн хууль баталснаар үргэлжиллээ. Авлигач, мөнгө угаагчийг өршөөн хэлтрүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад харамсаж байна.” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Ард иргэд төрийн хооронд ангал үүсч болохгүй. Төрд байгаа хүмүүс ярьж хэлж байгаагаа ч цэнэж байх ёстой, Ерөнхийлөгчөөсөө эхлээд. Төр бол алдаж, эндсэн аавын хүүхдүүдээ нэг удаа өршөөл үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Ийнхүү Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг сонслоо.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ