Өршөөлийн хуульд 29 гэмт хэрэг хамрагдаагүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын ажиллагааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр УИХ-ын 2015 оны хаврын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Тэрээр мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргаж байсан. Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
УИХ уг хуулийн төслийг 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр баталлаа. Энэ хуулиар 2015 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.
Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд:
-Зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх;
-Зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах;
-Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох;
-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох.
Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.Эдгээр гэмт хэргээс нийт 29 гэмт хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаагүй.
1. Эх орноосоо урвах,
2. Тагнуул хийх,
3. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
4. Зэвсэгт үймээн дэгдээх,
5. Хорлон сүйтгэх,
6. Хорлон саатуулах,
7. Хүнийг санаатай алах,
8. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,
9. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
10. Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
11. Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
12. Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
13. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
14. Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
15. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,
16. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
17. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
18. Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
19. Терроризм,
20. Терроризмыг санхүүжүүлэх,
21. Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
22. Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,
23. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
24. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
25. Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,
26. Агаарын хөлөг авч зугтаах,
27. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
28. Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
29. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй.
Мөн дараах таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа.
1. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
4. Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
5. Танхайрах - хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг.
Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ.
Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Комиссын бүрэлдэхүүнд Комиссын даргаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч даргаар Хууль зүйн дэд сайд, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл орсон.
Энэ хуулийн эцсийн найруулгыг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч тав хоногт багтаан хориг тавих эрхтэй.. Ерөнхийлөгч энэ хуулинд хэсэгчлэн хориг тавихаа мэдэгдээд буй. Уг хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн 3/2 –ийн саналыг авсан тохиолдолд хүчин төгөлдөр болно” гэлээ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ