Тяньжин: Ли Кэцян хохирогчидтой уулзав

img

Хятадын Тяньжин хотын “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар 112 хүн амиа алдаж, 721 хүн гэмтэж, 55 хүн сураггүй алга болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын армийн 225 химийн шинжээч ослын газар ажиллаж байна. Дэлбэрэлт болсон агуулахад их хэмжээний цианидыг хадгалж байсан нь тогтоогдсон бөгөөд ойролцоогоор 700 тонн цианидыг устгажээ. Хотын аж үйлдвэрийн бүсээс 3 км-ийн зайд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Өчигдөр 17.00 цагт БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян, Тяньжин хотноо очиж, гэмтсэн хүмүүстэй уулзсан” гэв. Тэрбээр дэлбэрэлт болсон агуулахад очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Мөн гэнэтийн ослын үеэр амиа алдсан иргэдэд нөхөн төлбөр өгөхөө сэтгүүлчдэд мэдэгдэж “Хариуцлагагүй алдаа гаргасан агуулахын эздийг хуулийн дагуу шийтгэж, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх учиртай. Би энэ асуудалд анхаарлаа хандуулах болно” гэж хэлжээ. Цагдаагийнхан “Рүй Хай” компанийн эзэн, хувьцаа эзэмшигч гэгдэх 15 хүнийг баривчлаад байгаа юм.

 

“Синьхуа” агентлаг “Химийн шинжээчид дүгнэлтээ гаргасны дараа Ерөнхийлөгч Си Зиньпин, Тяньжин хотноо очиж, хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзахаар болсон” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ