АН эвсэлтэй зөвшилцөлд хүрсэн үү

Засгийн газрын 6 гишүүний орон тоонд зарим сайд хавсарч, үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ээлжит бус чуулган хаахаас өмнө сайдад нэр дэвшүүлэх хүнээ өргөн барих байсан боловч улс төрийн тохироонд хүрээгүйн улмаас уг асуудал хойшлогдсон. Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлээс ирсэн даруйдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцож, АН-тай сайд нарын томилгоог зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар ажиллах болсон билээ.
Ямартай ч тус ажлын хэсэг УИХ-ын дарга, АН-ын даргатай эхний уулзалтаа хийсэн. Гэхдээ хоёр тал ямар тохироонд хүрсэн эсэх, эвслийн зүгээс ямар санал тавьсан нь тодорхойгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ. Одоогийн байдлаар манай эвсэл хэдэн квот авах тохироонд хүрээгүй байна” хэмээсэн. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр шадар сайдын суудлыг эвсэлдээ авч, хүү Э.Батшугарыгаа томилох санал тавьсан сураг дуулдана лээ.
Эвсэлд хэдэн квот өгөх нь тодорхойгүй байна гэсэн МАХН-ын даргын мэдээллээс харвал дээрх санал ч зөвшилцөлд хүрээгүй бололтой. Цаашлаад МАХН хоёр сайд, дөрвөн дэд сайдын квот авахаар эрх баригчдад шантааж хийж сурагтай. УИХ-ын дарга З.Энхболд Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавих хориг болон сайд нарын томилгооны асуудал өргөн баригдвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн.
Тиймээс энэ долоо хоногт сайд нарын томилгоон дээр эрх баригчид, эвслийн бүлгийн ажлын хэсэгтэй тохироонд хүрчихвэл ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гарах биз.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ