Бурхан бологсдыг дурсна

Дэлхий дахинаа жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ.
Хорвоог орхин одсон өвөг дээдэс хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэл илэрхийлэх энэхүү олон улсын өдөрт зориулж “Буяны зан үйлийн холбоо”-ноос санаачилж, “Цаглашгүй гэрэлт төв”, “Жавзандамба хутагт төв” хамтран зохион байгуулахаар болжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болох Бурхан бологсдоо дурсах олон нийтийг хамарсан хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт зохион байгуулах аж.
Уг арга хэмжээний үеэр “Бурхан бологсодыг дурсах өдөр”-ийг тэмдэглэж буй дэлхийн улс орнуудын Буяны зан үйлийн холбоодтой холбогдон, онлайн мэндчилгээ солилцож, Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д. Ухаанзаяа ‘’Мөнх бусын ухаарахуй’’ лекцээ унших юм.
Мөн бүх насныхны дунд бурхан болоочоо сайн сайхнаар дурссан ‘’Нартаас илгээх захидал’’ нэртэй захидлын уралдаан зарлан дүгнэж, шилдэг захидлын эздийг тус арга хэмжээн дээр тодруулахаас гадна уралдаанд шалгарсан захидлуудаас олны хүртээл болгох гэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ