Угсраа автобус тасраагүй

Угсраа автобус тасарч, хүн гэмтсэн гэх мэдээлэл зарим сайтад гарчээ. Энэ мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа.
Замын цагдаагийн газраас “2015.08.17-ний өдөр 18.00 цагийн орчим Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067 дугаартай, Ч жолоочтой автобус замын барилга байгууламж ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрсанаас тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан” гэх албан мэдээллийг өглөө.
Харин Зорчигч тээврийн нэгтгэлийн Ерөнхий инженер Баатархүү “Өчигдөр Төв шуудангийн уулзвараар явж байсан автобусанд ийм зүйл болсон. Гэхдээ автобус тасраагүй. Энэ осол тухайн жолооч, тээврийн хэрэгслээс огт шалтгаалаагүй. Ус зайлуулах шугамын таг дайрснаас үүдэж, автобусанд доргилт өгсөн. Нэг хүн хөнгөн гэмтэж, бид эмнэлэгт үзүүлэн, гаргасан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Нийслэлийн нийтийн тээвэр энэ сарын 15-наас эхлэн шинэчилсэн мартшрутаар үйлчилгээ үзүүлж буй. Энэ хүрээнд 18.7 м урт угсраа автобусыг үйлчилгээнд гаргасан. Нийт 20 угсраа автобуснаас одоогоор 18 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ