Путиний айлчлалыг эсэргүүцэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын сүүлээр Крымд айлчлахаар болсноо өнгөрсөн амралтын өдөр мэдэгджээ. Тэрбээр өмнө нь Крымд хоёр удаа айлчилсан билээ. ОХУ-д дагаар орох бүх нийтийн сонгуулийн дараа болон өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан Ялалтын баярын үеэр Крымд айлчилсан юм. Путин энэ удаагийн айлчлалаараа Крымийн удирдлагууд болон хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар болжээ. Тэгвэл Путиний айлчлалыг буруутгаж, санаатайгаар өдөөн турхирсан хэрэг хэмээн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ.
Петр Порошенко “Ерөнхийлөгч Путиний айлчлал Украины хямралыг улам даамжруулах болно. Киевийн зөвшөөрөлгүйгээр Крымд айлчилж буй нь хууль бус. Крым бол Украиных. Олон улс бидний талд байгаа” гэж фэйсбүүктээ бичжээ.
Крымийн ард түмэн өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж, 99.7 хувийн саналаар Оросын эх газар дагаар орсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ