Ургац алдсан ч ирэх жилийн наймдугаар сар хүртэл нөөц бий гэв

img

 

Ургацынхаа 80 хувийг алдах нь хэмээн тариаланчид хэлсэн. Харин салбарын сайд нь 40 орчим хувийг алдана гэдэг. Энэхүү зөрүүтэй тайлбар хүмүүсийг бухимдуулж байгаа юм. Тиймээс энэ сарын 3-нд Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо хурал зохион байгуулжээ. Тус хуралд таван аймгийн 40 орчим төлөөлөгч оролцсон байна. Эдгээр аж ахуйн нэгж энэ онд нийт 55600 га талбайд тариалалт хийсэн ажээ. Үүнээс 47.030 га буюу нийт ургацын 72 хувийг алдахаар байгаа гэнэ. Гэсэн хэдий ч зөрүүтэй тооныхоо учрыг зөв олох хэрэгтэй гэдгийг өчигдөр тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэд хэдэн зуун тариаланчдыг төлөөлж байгаагаа дурдсан юм. Учир нь салбарын сайд нь асуудал дэвшүүлэн ярьж буй төлөөлөгчдийг хувь хүн талаас нь харж байгаа гэв.

 

Тус холбооноос тавьж буй гол шаардлага нь газар тариалангийн салбартаа тодорхой бодлого барьж ажиллахыг сануулсан юм. “Газар тариалан” холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал “Солонгос улсад ургацынхаа 10 хувийг алдахад төрийн өндөрлөгүүд нь гамшиг боллоо хэмээн тодорхой бодлоготой үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Гэтэл манай улс ургацынхаа 70 хувийг алдаж байхад салбарын сайд нь 30 гаруй хувийг л алдана хэмээн санаа амарч болох мэт зүйл яриад сууж байна. Энэ нь салбарын сайд өөрөө учраа ойлгохгүй байгаагийн шинж” гэлээ.

 

Тариаланчид энэ жил ургац алдаж буй шалтгаанаа салбарын сайд, яам, ус цаг уурын газартай холбон тайлбарлаж байна. Учир нь энэ жил яамнаас нийт талбайн 85-аас багагүй хувьд зөвхөн улаанбуудай тариалах шийдвэр гаргасан аж. Мөн зарим сумдад сэлгээний ургамал огт тариулаагүй гэнэ. Цаашлаад ус цаг уурын газраас энэ зун газар тариаланд таатай нөхцөл бүрдэх мэтээр мэдээлэл өгснөөс улаанбуудайн тариалалтаа өсгөх шалтгаан болсон ажээ. Мөн тус холбооноос зургадугаар сард гангийн нөхцөл байдал үүсч болзошгүй талаар яаманд удаа дараа анхааруулжээ.

 

Нэгэнт ийм нөхцөл үүссэн, салбарын яам нь дорвитой шийдвэр гаргахгүй байгаа учраас газар тариалан эрхлэгчдийн зүгээс “Гамшгийн эрсдлийн үнэлгээний хороо”-г байгуулсан байна. Энэ хороогоор дамжуулан тариаланчдын хохирлын хэмжээг тогтоох, цаашид үүсч болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээ авах болжээ. Тэд хохирлын хэмжээг тодорхойлон алдагдлаа нөхөх боломж олгохыг хүсч буй юм. Үүний тулд банкны зээлийн хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч болно хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн улаанбуудайн үнийг Засгийн газар тогтоохоо болих хэрэгтэйг санууллаа. Өнгөрсөн жил Засгийн газраас улаанбуудайн үнийн зөрүүд 100000 төгрөг олгох байсан ч 70000 төгрөг өгсөн. Энэ нь технологийн шинэчлэл хийсэн компани хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй  гэлээ. Тиймээс үнээ чөлөөл, үнийн зөрүү өгөхөө болих хэрэгтэйг санууллаа.

 

Хэдийгээр ургацынхаа 70 хувийг алдаж байгаа ч улсынхаа жилийн хэрэгцээг хангах боломжтой ажээ. Тухайлбал, манай улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 320-350 мянган тонн байдаг. Энэ жил 200000 тонн буудай авна гэж байгаа ч өнгөрсөн жилийн үлдэгдэл буудай бий. Тэгэхээр ирэх жилийн наймдугаар сар хүртэл хүрэлцэх юм байна. Тэд салбарын сайд тулгамдаж буй асуудлаа ярихгүй байгааг онцолсон. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн У.Дамбийсүрэн “Салбарын сайд, яамны зүгээс ядаж газар тариалангийн салбарт тодорхой бодлого гаргамаар байна. Мөн тариаланчдаа дэмжиж ажиллах хэрэгтэй. Гэтэл импортын буудай оруулж ирэх тухай ярьж байгаад харамсч байна” гэв. Нэгдсэн бодлоготой бол одоогийн тулгамдаж буй асуудлууд нааштай шийдвэрлэгдэнэ хэмээн үзэж буйгаа тэд ийнхүү онцоллоо.

 

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ