Хүмүүнлэгийн цувааг саадгүй нэвтрүүлэхийг хүсэв

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Украины Засгийн газар болон салан тусгаарлагчдад хандаж мэдэгдэл хийсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр Украины зүүн хязгаарт амьдарч буй иргэдэд тусламжаар олгож буй хүмүүнлэгийн цувааг тонож дээрэмдэх, саад учруулах, шалтгалт нэрийдлээр удааж буй явдалд дургүйцлээ илэрхийлж, хүмүүнлэгийн цуваа болон олон улсын мэргэжилтэн, элчүүдийг саадгүй сөргөлдөөний бүс гэгддэг Донецк, Луганск мужид нэвтрүүлэхийг хүссэн байна.
Бан Ги Мүн “Би Киевийн удирдлагууд болон тус улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах улс хэмээн өөрийгөө тунхагласан Донецк, Луганскийн удирдлагуудаас НҮБ, олон улсын байгууллагаас илгээж буй хүмүүнлэгийн цувааг сөргөлдөөний бүс рүү саадгүй нэвтрүүлэх баталгаатай эрх хүсч байна. Хуулийн дагуу хүмүүнлэгийн цуваа ачаагаа шалгуулах болно. Харин шалгалт нэрийдлээр арми болон салан тусгаарлагчид хүмүүнлэгийн цувааг дээрэмдэх тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Энэ бүхэнд сэтгэл дундуур байна. Украины ард түмний төлөө хүмүүнлэгийн ажилчдад илүү баталгаатай, илүү аюулгүй нөхцөл ажиллах эрх олгохыг чин сэтгэлээсээ хүсье” гэж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл сөргөлдөгч талууд руу аюулгүйн баталгаа хүссэн мэдэгдлээ факсаар илгээсэн тухайгаа өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ