“ATR42-300” осолдсон бус сураггүй болжээ

Индонезийн Папуа мужид орон нутгийн нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гаригт сураггүй болсон. “Trigana Air Service” компанийн “TGN267” дугаартай “ATR42-300” онгоцонд багийн таван гишүүнээс гадна 49 зорчигч зорчиж явжээ.
Уг онгоц Жаяпура хотын Сэнтани нисэх онгоцны буудлаас энэ сарын 16-ны 14.22 цагт хөөрсөн ч 33 минутын дараа холбоо тасарсан юм. Тэгвэл тус онгоцны хэсэг Папуа мужийн Тангок уулын бэлээс олдсон, мөн бүх зорчигчийг амиа алдсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэхүү мэдээллийг тус улсын Тээврийн яам үгүйсгэж, “Уулын бэлээс онгоцны хэсэг байх магадлалтай хэлтэрхий олдсон. Хэлтэрхий “ATR42-300” онгоцных гэдгийг баталж чадахгүй. Бид шалгаж байна. Аврагчид хэлтэрхий олдсон бүс нутгуудад самналт хийж байна” гэж Тээврийн сайд Хади Мустофаги сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Онгоц олдоогүй байгаа ч осолдсон байх өндөр магадлалтай” хэмээн сайд онцолжээ.
Сүүлийн найман сарын хугацаанд “Trigana Air Service” компанийн гурван онгоц сураггүй болж, осолдсон байна. “ATR42-300” онгоцыг сураггүй болсны дараа Тээврийн яам тус компанийн хуваарт нислэгүүдийг цуцалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ