Индонезийн тэнгэр дэх бас нэг осол

Хэдхэн хоногийн өмнө Индонезийн “ATR42-300” онгоц сураггүй болсон юм. Тэгвэл энэхүү онгоц осолдсон болохыг баталлаа. Уг осолтой холбоотой Америкийн “www.nydailynews.com” сайтад нийтлэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Индонезийн Папуа мужид орон нутгийн нислэг үйлдэж явсан зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гаригт сураггүй болсон юм. Тус улсын “Trigana Air Service” компанийн “TGN267” дугаартай “ATR42-300” онгоцонд багийн таван гишүүнээс гадна 49 зорчигч зорчиж явжээ. Зорчигчдын таван нь бага насны хүүхэд хэмээн албаныхан мэдээллээ.Уг онгоц Жаяпура хотын Сэнтани нисэх онгоцны буудлаас энэ сарын 16-ны 14.22 цагт хөөрсөн ч 33 минутын дараа холбоо тасарчээ. Тэгвэл тус онгоцны хэсэг Папуа мужийн Тангок уулын бэлээс олдсон хэмээн аврах албанаас мэдээлж, Онцгой байдлын аврагчдыг ослын газар руу илгээж, онгоцтой холбоо тогтоохыг оролдсон юм. Уулын бэлээс олдсон хэлтэрхий “ATR42-300” онгоцных болохыг өчигдөр 18.00 цагт Тээврийн сайд Хади Мустофаги сэтгүүлчдэд мэдэгдэж “Зорчигчид амиа алдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоогоор онгоцны эх биеийг олоогүй байгаа. Ослын газар 250 аврагч ажиллаж байна” гэж хэлжээ.
Олон хүний итгэл найдвар талаар өнгөрч, бүх зорчигчид амиа алдсан болохыг Онцгой байдлын дарга мэдэгдлээ. Аврагчид өчигдөр 14.00 цагт хэлтэрхий олдсон уулын бэлээс 3 км-ийн цаана байрлах ширэнгэн ойгоос онгоцны их бие болон 20 гаруй зорчигчийн цогцсыг олжээ. Осолдсон онгоц “ATR42-300” болохыг баталж, бүх зорчигчид амиа алдсан болохыг дахин батлав. Ийнхүү Индонезийн тэнгэр дахин 54 хүний үхлийн гэрч болон үлдлээ. Онгоц осолдох үедээ сүүл хэсэг нь дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас зарим зорчигчид танигдахын аргагүй болжээ. Шинжээчид зорчигчдын ДНК болон биеийн байцаалтын тусламжтай хэн болохыг тогтоосон байна. Цогцсуудыг энэ долоо хоногтоо багтааж, Жакарта хотноо байрлах цогцос хадгалах газар руу илгээж, нарийн шинжилгээ хийхээр болсон гэв. Ослын газар ажиллаж буй аврагч“AFP”агентлагт “Үнэхээр аймаар. 3-4 настай нэг хүүгийн цогцсыг олсон. Хүүгийн цогцос ослын газраас холгүй шидэгдсэн байсан. Энэ хүү ямар өвдөлт мэдэрсэн бол. Төсөөлөхийн ч аргагүй. Бүгд амиа алдсан. Аврагчид онгоцны ахмадыг малгайгаар нь таньсан. Тэрээр жолоогоо атгасан чигээрээ амиа алдсан байсан” гэж ярьжээ.
Онгоц халдлагын золиос болоогүй
Индонезийн “ATR42-300”онгоц ямар нэгэн террорист халдлагын золиос болоогүй гэдгийг албаныхан баталж “Урьдчилсан байдлаар онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас осолдсон байх. Онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлах ажил удахгүй эхлэх болно” гэж Тээврийн сайд мэдэгджээ.
Гэр бүлээрээ амиа алджээ
Гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ. 51 настай Фон гэгч эхнэр, хоёр хүүгийнхээ хамтаар тус онгоцонд зорчиж явсан байна. Фоны хүүхдүүд 19, 22 настай аж. Аврагчдын мэдээлснээр тус онгоцонд төрөөд 20 гаруй хонож буй хоёр хүүхэд зорчиж явсан гэнэ.
Энэ осол анхных биш
“Trigana Air Service” компани 1991 онд 10 онгоц, 58 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Индонезийн агаарын салбарын ууган байгууллагын нэг. Харамсалтай нь тус компанийн онгоцууд 14 удаа ноцтой осол гаргаж, олон хүний аминд хүрчээ. Агаарын тээврийн аюулгүй байдлын сүлжээ байгууллага “Тус компани 2004, 2006 онд осол гаргаж, 31 хүний аминд хүрсэн. 2007 оноос хойш Европын Холбоо тус компанийг хар дансандаа багтааж, Европын бүс нутагт нислэг үйлдэхийг хориглосон” гэж мэдээлжээ.
Индонезийн тэнгэрт болсон ослууд
Индонез улсын 800 гаруй иргэн 2005-2015 оны хооронд онгоцны ослоор амиа алджээ. 1997 оны есдүгээр сард “Garuda Indonesia” компанийн “Airbus A300” онгоц осолдож, 234 хүн амиа алдсан юм. Энэхүү ослоос таван сарын дараа орон нутгийн “SilkAir” компанийн онгоц осолдож, 104 хүн амь эрсэджээ. 2005 оны есдүгээр сарын 29-нд “Mandala Airline” компанийн онгоц осолдож, 45 хүн амиа алдсан бол 2007 оны нэгдүгээр сарын 11-нд Индонезийн агаарын тээврийн “Adam Air” компанийн онгоц осолдож 104 хүн амиа алджээ. 2012 оны тавдугаар сард “Сухой Супержет-100” онгоц Жакартагаас холгүй осолдож, 45 хүн амиа алдсан юм. 2013 оны дөрөвдүгээр сарын 17-нд Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “737-800” онгоц осолдсон юм. Азаар 108 зорчигч бүгд амьд үлдэж, 25 хүн гэмтжээ. Энэ оны Индонезийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц осолдсон юм. Ослоор 162 зорчигч болон багийн долоон гишүүн амиа алджээ. Онгоц агаарт хөөрөөд 15 минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан юм. Малайз, Индонез, Сингапурын гурван улсын хамтарсан аврах баг шуурхай ажилласны үр дүнд 22 цагийн дараа онгоц Ява тэнгист осолдсон болохыг тогтоосон бөгөөд бүх зорчигчид амиа алдсан болохыг баталсан юм. “Airbus A320-200” онгоцны ослоос хагас жилийн дараа Индонезийн армийн “Hercules C-130” онгоц Самарта арлын Медан хотоос Натуна арал руу хөөрч байхдаа орон сууцны барилга мөргөсөн юм. Ослын улмаас 100 гаруй хүн амиа алдаад байна. Багийн 12 гишүүнээс гадна онгоцонд 101 зорчигч амиа алджээ. Энэхүү онгоц хоёрхон минутын дараа осолдсон юм.
Өнгөрсөн сард бүтэн жил сураггүй байсан Малайзын “MH370” онгоцны далавчийг Энэтхэгийн далай дахь Реюньон арлаас олсон билээ. Шинжилгээгээр арлаас олдсон хэлтэрхий тус онгоцны хэсэг болохыг баталсан байна. Энэхүү мэдээллийн дараа Малайзын Ерөнхий сайд Нажаб Разак энэ сарын 5-нд “MH370” онгоц сүйрч, 239 хүн амиа алдсан болохыг баталсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ