Энэ засаг зуны цагийн хуваарьт шилжихээс өөр юуг шийдэв!

Шийдлийн буюу Ч.Сайханбилэгийн засгийн газар ердөө хагас жилийн хугацаанд амьдраад, “сэхээнд” орлоо. Сайд нарынхаа 50 иад хувиас “хагацсан” тэд дараагийн сайд нараа сонгох гэж чамгүй цаг хугацаа алдахаар байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Учир нь МАН-ын зургаан сайдаа засгаасаа хөөж гаргаад Н.Энхбаярт найр тавьж, дараагийн зургаан сайдаа томилох ажлын хэсгээ ахлуулав. Н.Энхбаярын оролцсон улс төрийн тоглоом удаан үргэлжилдэгийг мэдэх нь мэддэг учраас хэзээ энэ засаг бүрэн бүтэн болж, сэхээнээс гарахыг хэлж мэдэхгүй юм.
Гэвч өнгөрсөн хугацаанд “Шийдлийн” засаг газар бараг юуг ч шийдсэнгүй. Цорын ганцхан ажлыг бүрэн бүтэн шийдэж чадсан нь “Зуны цагийн хуваарьт шилжих” байлаа. Өнөөх Тавантолгой, Оюу толгой бүгд л гацсан хэвээр. Энэ том том төсөл хөтөлбөрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж эх орон, эдийн засгаа аврах болов уу гэсэн хүлээлт бас хүсэлт ардын дунд байсан уу гэвэл тийм.
Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн засгийн газар Н.Алтанхуягийн засгийн газраас ч муу ажилласан гэмээр. Уг нь бол Оюутолгойгоо ч, Тавантолгойгоо ч зарах эрхтэй хэмээн тив дэлхийг тойрч, тэнд энд хошуучилж удаан "аялсан". Аялсан гэдгийн учир нь ерөнхий сайд болсон цагаас өнөөдрийг хүртэл орон нутгийн томилолтод ердөө хоёрхон удаа явсан бол олон улсын томилолтод хэдэн удаа явсныг нь хэлэхэд илүүц биз. Орон нутгийн томилолт гэдэг нь Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй уулзахаар Өмнөговь аймгийг зорьсон бол нөгөөх нь өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт болсон шинэ цементийн үйлдвэрийн нээлтэд очсон явдал байлаа.
Ийнхүү Шийдлийн засгийн газрын гараас нь гарсан дорвитой ажилгүй байсаар засгийн газар нь ганхаж эхлэв. Дахиад л Монголчууд төрөө зөв төвхөнүүлж чаддаггүй, төр засаг нь тогтвортой бус, дарга сайд нарынхаа суудлыг булаацалдсаар байгаад таардаг, Монголчуудад итгэх хэцүү гэсэн ойлголтыг дэлхийд дансалчихав. Эргээд гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаа ч гацааж, эдийн засгаа улам л элгээр нь мөлхүүлж чадлаа тэд. Ийм байдалтай байхад Монгол төрд, Монголын ард түмэнд хэн итгэх бэ?
Ядаж л бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчиддээ чөдөр тушаа болохгүйгээр, гавъяа байгуулахгүй юм гэхэд гай тарихгүйгээр төрөө эмхлээд аваад явчих лидер байна уу энэ улсад, энэ Ардчилсан намд...
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ