Тяньжин: Хохирогчдыг дурсав

img

 

Хятадын Тяньжин хотын “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас өнөөдрийн байдлаар 114 хүн амиа алдаж, 721 хүн гэмтэж, 90 гаруй хүн сураггүй хэвээр байна. Амиа алдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн гэр бүл жагсч, Засгийн газраасаа нөхөн төлбөр шаардаж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалд 1700 орчим хүн оролцож байна. “Синьхуа” агентлаг “Хятадын томоохон хотын оршин суугчид гэнэтийн дэлбэрэлтээр амиа алдсан иргэдийг дурсаж, хүндэтгэл үзүүлж эхэлсэн” гэж мэдээлжээ. Иргэд хохирогчдын тоогоор лаа, гэрэлт дэнлүү хөөргөсөн байна. Мөн Бээжингийн удирдлагуудыг хохирогчийн гэр бүлд нөхөн төлбөр олгож, шархалсан сэтгэлийг эдгээхэд туслахыг уриалсан байна. Ерөнхий сайд Ли Кэцян Тяньжин хотноо айлчлах үеэрээ хохирлын хэмжээг нарийн тооцоолох хүртэл хохирогчдод нөхөн төлбөр олгох боломжгүй гэж мэдэгдсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа хохирогчдын гэр бүл жагсч эхэлжээ.

 

Мөн Тяньжин хотноо байрлах гадаадын хөрөнгө оруулалттай 57 компани гурван өдрийн хугацаатай хаалгаа барьж, ажилчдаа аюулгүй газар байршуулж эхэлсэн байна. Дэлбэрэлт болсон агуулахад их хэмжээний буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 50 дахин их цианидыг хадгалж байсныг тогтоосон юм. Аврагчид 700 тонн цианидыг устгасны дараа хотын аж үйлдвэрийн бүсээс 3 км-ийн зайд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ