ИЗНН Ерөнхийлөгчийн хоригийг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавьсантай холбогдуулан Иргэний Зориг Ногоон Намаас өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр Өршөөлийн тухай хуулийг бүхэлд нь эсэргүүцээгүй, амьдралдаа алдаж, хазгай гишгэсэн хүмүүст төр нь нэг удаа өршөөл үзүүлэх нь зөв.
Гэхдээ Ардчилсан анхны сонгууль зохион байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хууль нэрээр халхавч хийж, авлига албан тушаалтнуудыг өршөөх гэж байгааг эсэргүүцэж байна. Хэрвээ энэ хуулинд Ерөнхийлөгчийн хэсэгчилэн тавьсан хоригийг УИХ хүлээн авахгүй бол “Эрх мэдлээ ашиглан авлига авч болдог юм байна. Авлига авсан ч төр нь өршөөчихдөг юм байна” гэсэн буруу ойлголтыг нийгэмд төрүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд саад болсон шийдвэр хэмээн ИЗНН-ын Улстөрийн зөвлөлийн гишүүн Ч.Базар хэлж байв.
Энэхүү мэдээллийн үеэр тус намаас мэдэгдэл гаргасан юм. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"ИЗНН 2015 оны наймдугаар сарын 11 ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ. Улс төрийн ийм шийдвэр гаргасны учир нь
Нэгд, ИЗНН нь 15 жилийн туршид авлига, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авлигын эсрэг Монгол улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө, нийгмийн баялгийг хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж байна.
Хоёрт, 2015 оны Өршөөл үзүүлэх хууль нь шударга ёсыг хүсэгч нийгмийн бухимдлыг үл тоон төрийн мөнгийг хувьдаа зувчуулан ашигласан, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хувь хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлэн хаацайлснаараа Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулж, дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болохуйц хууль болсныг эсэргүүцэж байна.
Гуравт, Монголын хууль батлагчид Үндсэн хууль, нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэхдээ хүлээн зөвшөөрсөн “... авлигаар эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эрх ашиг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж ... тохиролцов” хэмээн үндсэн зорилгоосоо ухарч, авлигын гэмт хэргийг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үзэн эдийн засаг болоод нийгмийн хүрээнд хор хохирол учруулахуйц гэмт хэргийг хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гэсэн амлалтаа умартаж буйг буруушааж, олон улсын өмнө хүлээсэн гэрээ хэлэлцээртээ үнэнч байхыг шаардаж байна.
Дөрөвт, манай намын санаачлан батлуулсан Авилгын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” хэмээн заасныг хууль тогтоогчид, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнүүд илт зөрчиж, тус байгууллагын үйл ажиллагаанд улс, төр эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагаа явуулж буйг илт эсэргүүцэж байна.
Цаашид авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг АТГ болон холбогдох хууль, шүүхийн байгууллагууд өөрийн хараат бус эрх мэдлийн хүрээнд мөрдөн шалгаж, шүүн тогтоож байх нь ардчилсан засаглалын хөгжил, бэхжилтэнд тустай бөгөөд энэ чиглэлийн эрх зүйн орчинг илүү төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага хэмээн ИЗНН үзэж байна" гэлээ.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ