Л.Баянбат: Дөрөвдүгээр ээлжинд 22 байршилд 34857 иргэн газар өмчилнө

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл энэ сарын 25-нд эхлэнэ. Энэ талаар НӨХГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.
-Энэ удаагийн өмчлөлөөр хэдэн иргэнд, хаана газар олгох вэ?
-Энэ удаа Баянзүрх, Хан-уул, Сонгинхайрхан гэсэн гурван дүүрэгт газар өмчүүлэхээр болсон. Нийтдээ 22 байршилд газар өмчлүүлэхээр зураг гарчихсан байна. 8728 мянган га талбай. Эдгээр нэгж талбар дээр 34857 мянган иргэн сонгогдож газар өмчлөх эрхтэй болно. Өмнө нь бол гурван ээлжинд 33588 мянган иргэн сонгогдож байсан бол харин одоо 22 шинэ байршил дээр 34857 иргэн нийтдээ бол 70 орчим мянган гаруй иргэн хамрагдаж байгаа юм.
-Цахимаар газар өмчлүүлэхэд иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Газар өмчлөх хүсэлтэй ямар ч иргэн аль байгаа интернэттэй орчноос цахим хаяг руу орж бүртгүүлнэ. Иргэний үнэмлэхтэй байхад болно. Харин өндөр настан, хүүхэд болон интернэтэд орох боломжгүй иргэдийн хувьд бол гэр бүлийн хүмүүс нь тухайн хүнээ бүртгүүлж болно. Бүртгүүлэхдээ www.Ulaanbaatar.mn вэб сайт руу орно. Цахим хэлбэрт бүртгэснээр гадаадад оршин сууж буй аль ч монгол иргэн бүртгүүлж болно. Учир нь нийслэлийн иргэн мөн бол газар өмчилж авах эрхтэй. Ийм олон талт боломжууд нээгдэж байна
-Өмнө нь газар өмчилж байсан иргэд энэ удаа газар боломжтой юу?
-Өмнө нь хэрвээ газар өмчилж байсан газрын гэрчилгээтэй иргэд бол энэ удаа хамрагдах боломжгүй. Учир нь Монгол Улсын иргэн энэ удаа үнэ төлбөргүйгээр нэг удаа 0,07 га газар авах эрхтэй гээд хуулиндаа заасан байгаа. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар 2013 оны тавдугаар сарын 31-нээс хойш нийслэл хотод шилжиж ирсэн иргэд бол энэ цахим бүртгэлд хамрагдах ёсгүй. Харин 2013 оны тавдугаар сарын 31-нээс өмнө шилжиж ирсэн бол цахим бүртгэлд хамрагдах ёстой.
-Бүртгэл хэд хоногийн хугацаанд явагдах вэ. Иргэдийн анхаарах асуудал юу байна вэ?
-Бүртгэл нийтдээ 14 хоногийн турш явагдана. Хугацаа дууссанаас хойш цахим бүртгэлээ хааж иргэд автоматоор сонгогдоно. Тиймээс ямар нэгэн гадны нөлөө орохгүй. Харин сонгогдсон иргэд харъяа, дүүрэг дээрээ тодорхой заасан хугацаандаа очиж газар өмчлүүлэх эрхээ баталгаажуулах ёстой.
Э.УНДРАХ
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ