“Цагаанхуаран консалтинг” компанийн гэрээг цуцалжээ

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх явц удаашралтай, хууль зөрчиж байгаа талаар дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Хэвлэлийн бага хурлын үеэр “Газрын эзэн баянзүрх” нөхөрлөлийн УЗ-ийн гишүүн Б.Бат-Өлзий “Цагаанхуаран консталтинг” иргэдтэй хуурамч гэрээ хийсэн. Төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан компани зургаан сарын дотор барилгаа эхлүүлэх журамтай. Гэтэл “Цагаанхуаран консталтинг” компанийн зургаан сарын хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дууссан. Тэгээд иргэдийг гомдол гаргахаар Гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын орлогч нар тоодоггүй. Мөнгөтэй компанийн талд үйлчилдэг. Мөн тус компанийн иргэдтэй хийсэн гэрээ журмын дагуу 75 хувьдаа хүрээгүй. Гэрээ хийсэн гээд байгаа 112 айлын 45 нь хүчин төгөлдөр биш байсан. Нас барсан хүн, өмчлөгч биш иргэний гарын үсэгтэй байсан” гэж ярьсан.
Мөн дүүргийн иргэд Хотын дарга болон ИТХ-ын дарга нартай удаа нартай уулзаж санал хүсэлт тавьсаны эцэст “Цагаанхуаран консталтинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар болсон гэж мэдээлсэн.
Харин энэ тухай БЗД-ийн албаны хүнээс тодруулахад "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн ажил хийхээр иргэдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа “Цагаанхуаран консалтинг” компанийн З блокийн ажлын гэрээг цуцалж сонгон шалгаруулалтыг дахин явуулах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга гаргасан. Цагаанхуаран консалтинг ХХК манай 14 дүгээр хорооны иргэдээс газрыг нь м2 нь 200 мянган төгрөгөөр гэрээ хийх гээд байсан учраас иргэдийн бүлэг байгуулан эсэргүүцээд нийслэл тийм шийдвэр гаргасан" гэдэг хариултыг өглөө.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ