Бангкок: Мэдээлэгчдэд мөнгө өгнө

img

 

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча Бангкок хотноо болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд нэг сая бат буюу 28.000 ам.долларын шагнал өгөхөө мэдэгдсэн байна.

 

Тэрбээр “Гэмт этгээдүүд “The Erawan” бунхны дэргэд халдлага үйлдэж, бидний шашин шүтлэгийг гутаав. Бид халдлага үйлдэгчийн заавал баривчилж, ял асуух болно. Энэхүү халдлага бидэн том сургамж боллоо” гэж мэдэгджээ. Цагдаагийн газрын дарга Сомёот Пүүмпуммуан бунхны дэргэд болсон халдлагыг алан хядах бүлэглэл захиалсан байх магадлалтай гэв. Тэрбээр “Бидний таамаглаж буйгаар хяналтын камерт бичигдсэн шар футболктой эрээс гадна энэхүү халдлагад 7-10 хүн оролцсон байх магадлалтай. Тэдний дунд Тайландын иргэн бий. Тэд халдлага үйлдсэнийхээ дараа хувийн онгоцны тусламжтай Тайландыг орхин гарсан байх магадлалтай. Хэд хэдэн нислэг сэжигтэй байгаа. Энэ нислэгүүдийг шалгаж байгаа” гэж хэлжээ. Орон нутгийн цагаар өчигдөр 8.00 цагт бунхан үүдээ нээж, итгэгч түмнээ хүлээн авч эхэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр бунхны гол шүтээний нүүр гэмтжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ