Танзани, Зимбабвегийн төлөөлөгчид айлчилж байна

img

Бүгд найрамдах нэгдсэн Танзани улсын Эрдэс баялаг эрчим хүчний яамны төлөөлөгчид болон Бүгд найрамдах Зимбабве улсын эдийн засгийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөллийг багтаасан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүрэлцэн ирж, туршлага судласан байна.

 

Тус айлчлалын баг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монгол улс дахь уул уурхайн салбарын хөгжил болоод бичил уурхай эрхлэгчидээ хэрхэн зохицуулж ирсэн талаар манай улсын холбогдох газруудаар явж танилцан, туршлага судлах аж. Төлөөлөгчид бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, тэднийг нийгмийн даатгалд хэрхэн даатгаж буй талаар ихээхэн сонирхож байгаа гэнэ.

 

Манай улсын 19 аймгийн 150 гаруй суманд их бага хэмжээний олборлолт хийгдэж байна байгаа юм. Тэнд ажиллаж буй бичил уурхай эрхлэгчдийг даатгалд хамруулж, үүсч болох гэнэтийн эрсэдлээс хамгаалах, нийгмийн хамгааллыг нь бэхжүүлэх чиглэлээр 2012 оноос Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж байна.

 

Бичил уурхай эрхлэгчидийн нөхөрлөл, уурхайн ам бүр дээр очиж идэвхтэй сургалт зохион байгуулснаар тухайн онд даатгалд хамрагдсан бичил уурхай эрхлэгчдийн тоо 4800 байснаа 2014 онд 7952 болж өссөн гэдгийг уулзалтын үеэр танилцууллаа.

 

Бүгд найрамдах нэгдсэн Танзани улсын төлөөлөгчид бичил уурхайчдынхаа нийгмийн хамгааллыг хангах чиглэлд Монгол улсын туршлагаас авч хэрэгжүүлэх зүйл олон байгааг дурдаад “Танзани улсын хувьд 25 аймаг даяар тархсан 1 сая гаруй бичил уурхайчинтай, тэдний дийлэнх нь даатгалд хамрагдаагүй байдалтай байгаа нь санаа зовоосон асуудал” гэдгийг хэлсэн юм.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ