300 хуульчаас 40 нь шүүгч болно

img

“Шүүх байгуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ баталснаар, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Тус хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ШЕЗ-ийн даргын тушаалаар анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Энэ тухай Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзулаас тодрууллаа.

 

-Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэж дуусчээ. Хэдэн хуульч бүртгүүлээд байна вэ?

-Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ШЕЗ-ийн даргын 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны шүүхийн нийт 40 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, зарыг нийтэд хүргэсэн. Нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааг энэ сарын 17-19-ний өдрүүдэд цахимаар явуулсан. Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн 300 орчим хүний өргөдөл, баримт бичгийг хүлээн аваад ажиллаж байна.

 

-Шалгалт хэзээ явагдах вэ?

-Шалгалт ирэх есдүгээр сарын 1-15-ны хооронд болно. Гэхдээ яг тэдийд эхэлнэ гэдгийг хэлэх боломжгүй.

 

-Нэр дэвшигчийг ямар шалгуураар, хэрхэн шалгах вэ?

-Шүүгчид нэр дэвшигчээс Монгол Улсын Үндсэн хуулийн болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан эсэхийг Шүүхийн мэргэшлийн хорооноос шалгадаг. Нэр дэвшигчийн тухайн чиглэлийн шүүхэд ажиллах эрх зүйн мэдлэг ур чадварыг хангасан эсэхийг эрхзүйн тохиолдол шийдвэрлүүлэх хэлбэрээр, уг шүүгчийн  эзэмшсэн монгол хэлний бичих илтгэх ур чадварыг бас шалгана. Мөн мэдээлэл технологийн хэрэглээний чадвар, шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлвийн шаардлагыг хангасан эсэх нь шалгуур болно. Нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлаж, хуульд зааснаар хийгдэж байна.

 

-Олон нийтийн хяналт нээлттэй гэж ойлгож болно тиймүү?

-Олон нийтийн хяналт оролцоо бүрэн нээгдсэн байгаа. Хуучин ямар хүн нэр дэвшээд, хаана ажиллаж байна гэдгийг тухай дүүрэг орон нутгийн иргэд мэддэггүй байсан. Харин одоо бол  ийм орон тоо зарлагдаж, энэ хүмүүс нэр дэвшсэн байна гээд олон нийтэд зарлаж байгаа.

 

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tentssen hunee shuugch bolgohgui uym bol shalgalt avaad yahiin.
2015-08-26
Зочин:
OLON NIITED ZARLAJ BAIGAA GESEN HERNEE HEN GEDEG HUN DEBSHSENEE HELEHGUI BAIGAA YAMAR UCHIR BAINA BE BURTGUULEHIIG HUSSSEN HUN CHINE BURTGEGDSEN ESEHE YAAJ MEDEH YUM
2015-08-25