Ерөнхийлөгчийн хоригийг нийтлэхдээ алдаа гаргаагүй

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 31 дэх дугаарт УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хууль болон уг хууль Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг нийтэлсэн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн зарим заалтыг орхигдуулж, хэвлэсэн талаар цахим сүлжээгээр жиргээчид мэтгэлцэв. Энэ талаар УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандоржоос тодруулсан юм.
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос авилгын хэрэгт холбогдсон хэсэгт тавьсан зүйл ангийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдэхдээ орхигдуулсан байна гэж жиргэж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Өршөөлийн хууль нь бусад органик хуулийг бодвол онцлогтой хууль. Ерөнхийлөгчийн хориг тавьсан 4.1 дэх хэсэг гэдэг нь ганцхан өгүүлбэртэй харагдаж байгаа. Эрүүгийн хууль 304 зүйлтэй. Үүний дотор 227 нь гэмт хэргийн зүйлчлэл байдаг. Харин 4.1-д дээрх 227 зүйлчлэлээс 191 нь агуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, батлагдсан хуулиар 191 төрлийн зүйл ангийн гэмт хэрэг өршөөгдөхөөр байгаа. Өршөөлд хамрагдахаар байгаа 191 зүйл ангийн гэмт хэргийн зүйчлэлээс Ерөнхийлөгч авлига, албан тушаал, залилан гэх мэт 7 зүйл анги дээр нь 4.1-т хориг тавьсан. Ерөнхийлөгч хориг тавьсан үндэслэлдээрээ 7 зүйл ангийн гэм хэргийг 9.1.3 буюу өршөөлд хамруулахгүй, хаалттай зүйл ангид оруулъя гэсэн. Хоёрдугаарт, танхайрах, бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гээд гурван зүйл ангийг 5 дугаар зүйл анги буюу эдэлж байгаа ялаас хоёр хүртэл жил хасах зүйл анги руу оруулъя гэдэг дээр хориг тавьсан. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавьдаг. Энэ удаа хуульд хэсэгчлэн хориг тавьсан байгаа.
“Үндсэн хуулийн 33.1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь заалтыг үндэслэн Өршөөлийн тухай хуулийн 4.1, 7 зүйл дээр хэсэгчлэн хориг тавьж байна” гэсэн байгаа.
“Төрийн мэдээлэл” сэтгүүл 7 хоног тутам гардаг. Үүнийг эцсийн хэлэлцүүлэг буюу ёсчлоод, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссаны дараа албан ёсоор нийтэлсэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүл алдаатай нийтлээгүй. Холбогдож журмын дагуу нийтэлсэн. Өршөөлийн хууль болон Ерөнхийлөгчийн хоригийг алдаа байхгүйгээр нийтэлсэн.
-Ерөнхийлөгчийн хоригийн 5 дугаар зүйлийг нийтлээгүй учраас хууль зөрчлөө гэсэн жиргээ байсан?
-Би жиргээчдийн хөндсөн асуудлыг судлаагүй. Гэхдээ би төрийн ажлыг твиттер болон жиргээгээр хийхгүй. Хүмүүс цахим сүлжээгээр юу гэж жиргэх нь хувь хүний асуудал байх. Гэхдээ тухайн хүмүүст ойлголтын зөрүү байна. Авлига, албан тушаалын 7 зүйл анги нь 9.1.3-т биш наймдугаар сарын 11-нд батлагдсан Өршөөлийн хуулиар 4.1-т агуулагдаж байгаа. Өршөөлийн хуулийн 4.1-т авлига, албан тушаалын хэргийг өршөөхөөр байгаа учраас Ерөнхийлөгч үүнийг хаалттай зүйл анги буюу 9.1.3 руу оруулъя гэж байгаа. Тиймээс 4.1-т авлига, албан тушаал, залилангийн 7 зүйл ангийн гэмт хэрэг байгаа учраас хэсэгчлэн хориг тавьсан. 7 зүйл ангид хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд байгаа хэргийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн заалт.
Сонирхуулахад, 1992 оноос хойш УИХ-д Ерөнхийлөгчийн зүгээс нийтдээ 51 удаа хориг тавьсан байдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хориг нь 52 дахь нь. Өршөөл үзүүлэх тухай 5 хууль батлагдан гарсан байдаг. Өмнө нь Өршөөл үзүүлэх хуулиудад хориг тавигдаж байгаагүй. Энэ удаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан анхны тохиолдолд юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ