Эверестэд авиралт хийхийг зөвшөөрлөө

img

 

Балба улсын Засгийн газар дэлхийн ноён оргил Эверестэд аялж, авиралт хийхийг зөвшөөрсөн тухай тус улсын Аялал жуучлалын сайд Крипасур Шерпа “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан тухай “www.nepalmountainnews.com” мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын нийслэл Катманду хотноо 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 8000 хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болсон билээ. Мөн газар хөдлөлтийн үеэр Эверестэд 21 жуулчин авиралт хийж байсан бөгөөд харамсалтай нь 19 жуулчин амиа алдсан юм. Энэхүү үйл явдлын дараа Эверестэд аялал хийхийг албан ёсоор хориглосон билээ.

 

Хориг цуцлагдсан ч гэсэн олон улсын уулчид авиралт хийхээсээ эмээж байгаа хэмээн сайд ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Тэрбээр “Японы уулын спортын мастер Нобуказу Курикид Эверестэд авирах зөвшөөрөл өгсөн. Курики хориг цуцлагдсанаас 19 минутын дараа хүсэлтээ гаргасан. Одоогоор Японы уулчнаас өөр уулчин хүсэлтээ гаргаагүй байна” гэж хэлжээ.

 

Курики твиттертээ “Би заавал ноён оргилд хүрэх болно” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ