Пхеньян уучлалт гуйлаа

Хоёр Солонгосын Батлан хамгаалахын удирдлагууд Солонгосын хойгийн асуудлаар хилийн зэвсэггүй бүсэд уулзаж, олон өдрийн турш хэлэлцсэний эцэст хурцадмал байдлыг намжаах зөвшилцөлд хүрсэн болохыг “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. “Хоёр тал харилцан гэрээ байгууллаа” хэмээн Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн болохыг Өмнөдийн хэвлэлүүд онцолж байна.
Энэ сарын 7-нд Өмнөд Солонгосын армийн хоёр цэрэг Хойдуудын байршуулсан тэсрэх бөмбөгөнд өртөж, хүнд гэмтэл авсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Сөүлийн удирдлагууд 11 жилийн дараа хил орчимдоо байршуулсан чанга яригч төхөөрөмжөө дахин ажиллуулж эхэлснээс болж хоёр улсын харилцаа муудаад байсан. Өнгөрсөн баасан гаригт Пхеньян чанга яригч төхөөрөмж рүү их буугаар галласнаас болж хоёр талын цэргүүд харилцан буудалцсан. Сөүл 23 удаа гал нээсэн бол Пхеньян 104 удаа гал нээсэн байна.
Олон өдөр үргэлжилсэн хэлэлцээрийн төгсгөл буюу өнөөдөр орон нутгийн цагаар 8.00 цагт Пхеньян дээрх үйлдэлдээ харамсч буйгаа илэрхийлж, эхэлж уучлалт гуйсан болохыг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ким Квон-жин мэдэгдэж “Хэлэлцээр амжилттай боллоо” гэсэн байна.
Сөүлийн тал уучлалтыг хүлээн авч удирдагч Ким Чен Унтай холбоотой суртал ухуулгын шинж чанартай мэдээ, мэдээллийг Өмнөдийн хэвлэлээр цацахаа бүрэн зогсоожээ. Мөн хоёр тал ирэх 9, 10 дугаар сард Солонгосын дайны үеэр хагацсан гэр бүлийг уулзуулахаар тохиролцож чаджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ