Р.Бурмаа: 106.4 мянган тн буудай дутагдах төлөвтэй байна

img

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны ургацын урьдчилсан балансын танилцуулгыг өнөөдөр хийлээ.

 

2015 онд улсын хэмжээнд нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265 мянган тн үр тариа, үүнээс 252.3 мянган тн буудай, 117.3 мянган тн төмс, 75.3 мянган тн хүнсний ногоо, 28.7 мянган тн тосны ургамал, 53.9 тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоод байгаа аж.

 

Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургаадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүсчээ.

 

Ялангуяа таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бүс нутгаар агаарын хамгийн их температур 34-38 хэм, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 хэмд хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдсан нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн гэдгийг онцлов.

 

Сайд Р.Бурмаа “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжснээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарсан” гэж мэдээллээ.

 

Урьдчилсан балансаар таримлын болж жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх арга хэмжээг авч байгаа аж.

 

Харин ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тн буудай үтрэм дээр бууж цэвэр жингээр 241.4 мянган тн буудай зарцуулагдах төлөвтэй байгаа. Үүнээс 2015 онд тариалалтад зориулан 29.4 мянган тн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тн, тэжээлд 12.6 мянган тн, спиртийн үйлдвэрт 9 мянган тонныг тус тус зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тн буудайн нөөц бүрдэж байгааг мэдээлсэн.

 

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тн буудай дутагдах төлөвтэй байгаа аж.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guts:
medeh medehgui ni chamd hamaa bnuu. tarialnchid ni oorsdoo ymr ch medelggui urinshaa ch mdhgu garuud ni urgatsaa aldchaad olon ym yrij bgan
2015-08-26
зочин:
ХАА мэдэхгүй сайд их л балаг тарьж байна даа
2015-08-25
guts:
medeh medehgui ni chamd hamaa bnuu. tarialnchid ni oorsdoo ymr ch medelggui urinshaa ch mdhgu garuud ni urgatsaa aldchaad olon ym yrij bgan