Сайд нарын нэрийг өргөн барихыг хүсчээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрээ намрын чуулганаар өргөн барих шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоот өнөөдөр хүргүүлжээ.
Уг албан тоотод “Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор УИХ нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барихыг хүсье” гэжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ