Йорданы хаан Москвад ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн В.Путин Сирийн иргэний дайн болон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүчийг сулруулах үүднээс Ойрхи Дорнодын удирдагч нарыг Москва хотноо урьж, шийдвэртэй алхам хийхийг уриалсан юм. Энэхүү урилгыг Йорданы сүр жавхлант эзэн хаан II Абдулла болон Абу-Дабийн угсаа залгамжлах ханхүү хүлээн авч, өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт Москва хотноо хүрэлцэн иржээ. Йорданы хаан ирсэн даруйдаа Путинтэй уулзсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Хаан өнгөрсөн оны аравдугаар сарын эхний долоо хоногт Москва хотноо төрийн айлчлал хийжээ.
“TASS” агентлагийн мэдээлснээр “Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси маргааш хүрэлцэн ирэхээр болсон. Харин уулзалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад оролцох эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Удирдагчид уулзалтын төгсгөлд Москва хотноо зохион байгуулагдах агаарын “MAKS-2015” шоунд оролцох гэнэ.
Өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ойрхи Дорнодын орнуудын удирдагч болон Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хэт даврагчдад цохилт өгөх асуудлаар ярилцсан билээ. Мөн энэхүү уулзалтын дараа Путин, Египетэд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. ОХУ өнгөрсөн онд зэвсгийн худалдаанаас 15.5 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Ойрхи Дорнодын удирдагчдын айлчлалын дараа Ираны Ерөнхий сайд Москва хотноо төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын үеэр Тегеран, Москвагаас “S-300” пуужингийн системийг худалдан авах сүүлийн шатны гэрээг үзэглэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ