Буудай импортолно

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Хуульзүйн сайд, Шадар сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж Д.Дорлигжав даргалан явуулсан юм. Тэрбээр холбогдох албаны хүмүүсээс намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсч үүрэг даалгавар өглөө.
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгч байгаа ургацын урьдчилсан мэдээгээр Монгол Улс энэ намар 265 мянган тонн үр тариа, 252.3 мянган тонн улаан буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэнэ.
Газар тариалангийн бүс нутгууд ургац алдсан байна. Улаан буудайн 49.9 мянган га талбайд ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж төлөвлөсөн ургацын 53.7 хувийг, хэрэгцээт гурилынхаа 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай хураан авах төлөв гарчээ. Тиймээс салбарын яам 29.4 мянган тонн буудайг үрэнд, 4.2 мянган тонн буудайг улсын нөөцөд, 12.6 мянган тонныг тэжээлд, 9 мянган тонныг спиртэд нөөцөлснөөр гурилын үйлдвэрлэлд 186.2 мянган тонн улаан буудайг нийлүүлэх бололцоо бүрдэнэ хэмээн тооцсон байна.
Ингэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих санд нөөцлөгдсөн 27.4 мянган тонн буудайг нэмж оруулбал 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэнэ.
Монгол Улсын жилийн хэрэгцээнд 320 мянган тонн буудай шаардлагатай, харин өнөө жил 100 мянга гаруй тонноор дутагдах тооцоо гарчээ. Одоогоор буудай импортлох асуудал хөндөгдөөгүй байгаа аж. Ургацаа хурааж авсны дараа импортын асуудлыг ярих гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд гурилын үйлдвэрүүд буудай импортоор авч гурил үйлдвэрлэдэг байсан. Энэ нь үнийн бодлого алдагдахад нөлөөлж байна гэж үзэн Хүнс хөдөө аж ахуйн яам гадаад орнуудтай улаан буудайн импортын гэрээ байгуулж, орж ирснийх нь дараа гурилын үйлдвэрүүд худалдан авах бодлого барьж буй аж.
Улаан буудай импортоор авахад зориулж 80 тэрбум төгрөг шаардлагатай болж буй бөгөөд уг хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Гэвч өнөөг хүртэл хөрөнгийн асуудалд шийдвэрлэгдээгүй юм байна, тиймээс энэ асуудалд салбарын яам анхаарч Хөгжлийн банктай ярилцаж байгаа аж.
Буудайг ОХУ-аас импортолно. Дэлхийн зах зээлд энэ жил буудайн үнэ харьцангуй буух болсон. Тухайлбал, хойд хөршөөс буудай импортлоход нэг тонн нь 450 мянган төгрөг байх гэнэ. Тээврийн зардлаа бодсон ч ОХУ-аас буудай импортлох нь өртгийн хувьд хямд тусна гэж албаныхан үзэж байна. Гэхдээ импортын улаан буудайн чанарт анхаарыг сайд Д.Дорлигжав анхаарууллаа. Импортын улаан буудайн асуудал дээр тариаланчид болон салбарынхны хооронд жилийн жилд маргаан дэгддэг. Тариаланчид чанаргүй улаан буудай авахгүй гээд гэдийчихдэг талтай. Харин салбарынхан тариаланчидтай хэлэлцэлгүй импортын улаан буудай оруулж ирэн шахах гээд байдаг гэмтэй.
Урьдчилсан мэдээ 90 хувь бодитой байдаг
Ургацын байдалтай холбоотойгоор Цаг уур орчны хүрээлэнгийн газраас гаргасан энэ зуны прогноз буруу гарсан гэх тариаланчдын гомдол хэр бодитой, мөн тус газар яагаад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж чадаагүй вэ гэдэгт тайлбар хийхийг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч энэ үеэр онцлов.
Албаны хүний тайлбараар бол аль ч улсад цаг агаарын мэдээг сараар гаргах боломж нь хомс байгаа. Ийм үед бизнесийн ажлаа сараар цаг уурт даатгах нь эрсдэлтэй тул үүнийг хаа, хаанаа анхаарах ёстойг санууллаа. Гэхдээ тус газраас гаргадаг арав хоногийн урьдчилсан мэдээ 90 хувь бодитой байдаг тул үүнд баталгаа гаргаж өгнө.
Долдугаар сард үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулж чадаагүй нь тухайн үед үүлний масс бага байсантай холбоотой. Пуужин л байвал буудаад бороо орчих юм шиг ойлгох нь өрөөсгөл гэсэн тайлбар хийсэн юм. Гэхдээ Цаг уур орчны хүрээлэнгийн газар саяхан 1000 ширхэг пуужин нөөцөлж авсан байна.
Ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар хөрсөн дээр цочир хүйтрэх, мөн хуурайшилт ихтэй байж мэдэх аж.
Хичээлийн шинэ жилээс авна засварын ажлыг дуусгана
Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна. Гэхдээ тулгамдсан гол асуудал нь өвлийн улиралд эрчим хүчний саатал гарсан нөхцөлд Улаанбаатар хотын хэмжээнд дулааны шугам сүлжээг хэвийн ажиллуулах зорилгоор аваарын ажиллагааны тоноглолыг худалдан авах, мөн зөөврийн хэд хэдэн төрлийн генератор авч, ажиллагааг нь бүрэн хангах ёстой ч хөрөнгийн асуудлыг шийдэхгүйгээс гацаанд оржээ. Энэ асуудлыг салбарын сайд нь Ерөнхий сайдтай ярилцсанаар Хөгжлийн банкнаас шийдэхээр болсон ч мөн л хүлээлтийн байдалтай шийдвэрлэгдэхгүй байгаа юм байна.
Улаанбаатар хотын тухайд хичээлийн шинэ жил эхлэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусах бол аравдугаар сарын 1-нд багтаагаад хойд чиглэлийн зуслангийн зам, Гацууртын замын ажлыг дуусгах ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ