Дарьбазар

“Ардын элч” гэж сайхан кино бий. Энэ киноны гол дүр Дарьбазар гэж найдвартай “шууданч” байх. Киноны зорилго угаас тодорхой. Соц үеийн эх оронч, хувьсгалч хүмүүжлийг та бидэнд олгоход оршсон.
Харин өнөөдөр дээрх дүрээс улбаатай Дарьбазардах гэсэн хэлц болтлоо хөгжсөн үг байна. Дарьбазардана гэвэл хэн ч шууд л ойлгоно.
Аль нэг албан газар, хамт олон дунд заавал Дарьбазар байна. Дарьбазар архи, тамхинаахинд гүйнэ. Ер нь л юм болгонд явж байдаг шууданчийн үүрэгтэй. Дарьбазарт мөнгийг нь өгөөд захисан зүйлийг яг таг авчирна. Дарьбазар өөр илүү дутуу үг ярих, “…Би явахгүй, чадахгүй” гэж “томрох” эрхгүй. Бас өөрөө мэдээд захиснаас өөрийг авчирвал арьсаа хуулуулах учраас тийм ойлголт ой ухаанд нь байхгүй.
Тэгвэл ийм Дарьбазар улстөрд бас байна. Тэр н ь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Ч.Сайханбилэгт тархи алга” гэсэн. Зарим хэвлэлд “Ч.Сайханбилэгт Ерөнхий сайд болохыг ерөөе” гээд биччихэж. Чухамдаа Ч.Сайханбилэг гэдэг сайхан Дарьбазар байна хэмээн улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд эхэлчихжээ.
Ч.Сайханбилэг уг нь Монгол Улсын Ерөнхий сайд билээ. Ерөнхий сайд гэдэг юутай их эрх мэдэл вэ гэдгийг хүмүүс андахгүй мэднэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэлд хэмжээ хязгаар бараг үгүй дээ. Харин мань Ч.Сайханбилэгт тэр нь алга. Цаасан дээрх нь байгаа ч түүндээ хүрч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн.
Засгийн газраас МАН-ыг гаргана, гаргахгүй гэж яригдах үеэс л энэ нь улам тодорч ирсэн. Өөрөө болохоор МАН-ынханд “Санаа зоволтгүй. Энэ танхимаараа энэ бүрэн эрхийн хугацааг дуусгана” гээд хэлчихсэн. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намынх нь бүлэг МАН-ыг гаргана гээд шийдчихсэн. Мань эр энэ бүхний дараа “Намаа дагалаа” гээд зургаан сайдын нэр бариад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр руу явсан. Үнэндээ бол шахалтад орсон хэрэг. Одоо дараагийн сайд нараа тодруулж чадахгүй бөөн хэрүүл сууна. Хэвлэлийн төлөөлөгч нь хэд хоногийн өмнө “Намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Тэр үед сайд нарын нэрийг өргөн барихаар боллоо” гэв. Гэтэл УИХ-ын дарга “Есдүгээр сарын 6-ны өмнө оруулж ир. Хууль зөрчихгүй шүү” гээд анхааруулчихлаа.
Яг үнэндээ зургаан сайдын асуудал Ч.Сайханбилэгийн ямар ч оролцоогүйгээр яригдаад, хэлэлцэгдээд байна гэх юм билээ. Нэг талаас Ерөнхийлөгч, нөгөө талаас УИХ-ын дарга гэсэн хоёр том нөхөр хоорондоо толхилцоод байгааг дээрхээс харж болно. Нэгэн цагт энэ хоёр нь ойлголцолд хүрч сайд нараа тохироод, ажлаа явуулъя гэвэл Ч.Сайханбилэг сайд нарын нэрээ бариад явна гэсэн үг. Угаас Дарьбазарын үүрэг л тэр ажээ.
Б.ДАМДИН-ОЧИР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ