Зүүн бүсийн чуулганаа Дэлүүн болдогт хийжээ

img

Ардчилсан хүчний холбоо /АХХ/-ныхон Зүүн бүсийн чуулганыг “Ардчилал-25” нэрийн дор зохион байгуулсан гэнэ.

 

Тус чуулганыг Хэнтий аймгийн Дадал сум буюу Их Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Дэлүүн болдог, Чингисийн гурван нуурын дэргэд зохион байгуулсан бөгөөд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн АХХ-ны залуучууд оролцжээ.

 

Тэд  энэ үеэр Монгол Улсын өмнө тулгамдаад буй олон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдэх өөрсдийн туршлагаасаа хуваалцжээ.

 

Чуулганы үеэр мөн “Сумдын нислэгийг сэргээх төсөл”-ийн талаар ярилцсан байна. Социализмын үед сум, аймаг хооронд бага оврын нисэх онгоцоор нислэг үйлдэж, шуудан харилцаа, хүн, ачаа тээврийн тодорхой хэсгийг тээвэрлэдэг байсан. Тэгвэл үүнийг сэргээж, иргэдийг ая тухтай зорчих, шуудан харилцааг хурдан шуурхай болгох төслийг санаачлаад байгаа аж.

 

Хэрэв уг төслийг дэмжвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжтой хэмээн АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг танилцуулга тавьж, хэлэлцүүлэг явуулсан байна. Түүнчлэн АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын ололт, амжилт, алдаа сэдвээр илтгэл тавьсан аж.  

 

Чуулган гурав хоног үргэлжилж, 500 гаруй гишүүд оролцсон бөгөөд Булган аймагт “Төвийн бүсийн чуулган”, Завхан аймагт “Баруун бүсийн чуулган” тус тус зохиогдох юм байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ