Алуурчин Жокер ял авлаа

Жеймс Холмс гэгч 2012 оны долоодугаар сард Колорадо муж улсын Аврора хотын “Сентури 16” кино театрт “Харанхуй хөлөг баатар” киноны нээлтийн үеэр гал нээсний улмаас 12 хүн амиа алдаж, 70 орчим хүнийг шархтсан билээ. Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Бэтмэн” цувралын Жокерийн багийг зүүсэн байжээ. Өнгөрсөн сард түүнийг сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй гэдгийг мэргэжлийн эмч нар тогтоож, ял хүлээх чадвартай гэсэн юм. Колорадо мужид өчигдөр Холмсын шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд санаатай халдлага үйлдсэн, хэргийн газраас зугтаасан, олон хүний аминд хүрсэн гэх мэт 142 төрлийн гэмт хэрэгт буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн тухай “CNN”агентлаг мэдээллээ.
Колорадо мужийн прокурорууд түүнд цаазаар авах ял төлөвлөж байсан юм. Өмгөөлөгчид алуурчин Жокерийг цаазын ялаас мултлахын тулд халдлага үйлдэхдээ сэтгэцийн гүн хямралд байсан хэмээн мэдэгджээ. Холмсыг сэтгэц хэвийн бус гэж тогтоогдсон бол тэрбээр үлдсэн амьдралаа гэмт хэрэгтнүүдэд зориулсан сэтгэц мэдрэлийн төвд өнгөрөөх байсан юм. Харин прокурорууд түүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж, урьдаас зэр зэвсэг цуглуулан хадгалж байсан хэмээн буруутгасан билээ.
Шүүх хуралд хохирогчдын ар гэрээс 49 хүн гэрчийн мэдүүлэг өгчээ. Мөн түүний найз болон гэр бүлийнхэн нь мэдүүлэг өгсөн байна. Мэдүүлэг өгсөн хүмүүсийн ихэнх нь “Холмсыг халдлага үйлдэхээсээ өмнө сэтгэц нь хэвийн байсан” гэж мэдүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ