Зэрлэг амьтдыг хамгаалах асуудлаар зөвлөлдөж байна
2015-08-27

Зэрлэг ан амьтдын шилжих хөдөлгөөн болон нүүдлийн замд Төв Азийн уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай олон улсын семинар “Бишрэлт” зочид буудлийн хурлын их танхимд үргэлжилж байна.

 

Уул уурхай, зам тээвэр зэрэг байгалийн нөөцөд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбаруудын хөгжил байгаль орчин, зэрлэг ан амьтдын нүүдлийн замд сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсын хувьд ч уул уурхай, зам тээвэр гэх дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шинэчлэл хэрэгтэй хэмээн энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм.

 

Олон улсын энэхүү семинарыг БОНХАЖЯ, Монгол дахь Герман Улсын Элчин сайдын яам, тус улсын Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан холбооны яам, Биологийн төрөл зүйлийг хамгаалах байгууллага хамтран зохион байгуулж байна.

 

Семинарт оролцогсод зэрлэг ан амьтдыг хамгаалах талаар Монгол Улсад хэргэжиж байгаа бодлого, хууль тогтоомж болон дүрэм журмуудыг судлах, хэлэлцэх, Германы  туршлагаас судалж суралцах, Төв азийн бүс нутаг дахь биологийн төрөл зүйлд дэд бүтцийн хөгжлийн үзүүлж буй нөлөөлийг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

 

Герман улсаас ирсэн төлөөлөгч хэлэхдээ “Монгол Улс өргөн уудам нутагтай, түүх соёл, байгалийн нөөц гээд бүх талаараа хашлага байхгүй дэлхийд гайхагдсан зэрлэг ан амьтан олноор нутагладаг уудам орон. Энэхүү уудам улс орон НҮБ-ын конвенцийг дэмжин бодитой үйл ажиллагаа явуулж байгаад бид талархаж байна. Зэрлэг амьтдыг хамгаалахын тулд зөв цагт арга хэмжээ авах шаардлагатай. Манай ХБНГУ-ын зүгээс Монгол Улсыг онгон дагшин байгалиа хамгаалж авч үлдээсэй гэж хүсч, арга туршлагаа харамгүй хуваалцахыг хүсч ирсэн” гэлээ.

 

Семинар энэ сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Тэмээ...:
Зэрлэг амьтан хамгаалах нэн чухал. Ямар ч зөвшөөрөлгүйгээр гэрийн тэмээний булчирхайг амьд байхад нь авч, эрэмдэг болгоод, эргүүлэн говь руу туудаг сонин туршилт хийдэг ажил үргэлжилсээр байх юм. Амьтан хамгаалах нийгэмлэг үүнийг судлаж үзээд, хэрэгтэнг гэсгээх бус уу.
2015-08-27