Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо өсчээ

img

“Сайдын цаг”-т  БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож, салбарынхаа талаар мэдээлэл хийлээ.

 

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга орчим хүүхэд байна. Үүнээс 218 мянга 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гаргасан. Энэ бол цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 84.8 хувь юм.

 

Хоёр жилийн өмнө 220 мянган хүүхэд байсан бол энэ жил 250 мянга болж өссөн. Цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа нь хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик бий. Төрөлт бол буурахгүй. Жилд 80 мянган хүүхэд төрдөг байсан бол цаашдаа 100 мянга давах төлөвтэй байна.

 

Тиймээс энэ хичээлийн жилээс Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх болж, 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байна. Ингэж чадвал цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломж бүрдэх юм. Он гараад 2016 оны төсөвт мөн хүүхэд харах үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг суулгана. Ингэснээр цэцэрлэгийн насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх юм.

 

2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгт “Сургуулийн өмнөх боловролын цөм хөтөлбөр” нэвтрүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн жил 21 аймаг, 9 дүүрэгт “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж, туршсан байна. Үүнтэй холбоотойгоор 7000 багшид “Цөм” хөтөлбөрийн талаар сургалт явуулжээ. Энэ хөтөлбөр нь хүүхдийн сонирхолд тулгуурлан хөгжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх аж.

 

2015-2016 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын цөм хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн байна. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх аж. 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан байна.

 

Мөн сургуулиудын менежментэд өөрчлөлт оржээ. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул байгаа танхимуудаа хэрхэн ашиглах вэ гэдгээ тодорхойлно. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан бид номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж байна. Энэ мэтчилсэн сургууль бүрийн онцлогоос хамааран сургалтын менежментээ өөрчлөх ажил гарч байгаа юм хэмээн БСШУ-ы сайд Л.Гантөмөр мэдээллээ.

 

Энэ жил 99 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 169 мянган оюутан суралцах аж. Энэ нь өмнөх жилийнхээ суралцагчдын тоо буурсан үзүүлэлтэй байна.

 

БСШУ-ы сайд Л.Гантөмөр мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ