Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин шаардлагатай
Төрийн албатай холбоотой хэрэг, маргаан захиргааны хэргийн шүүхэд нэлээн ачаалал үүсгэдэг. Энэ маргаан ямар учир шалтгааны улмаас нэмэгдэж, хэрхэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлт ямар түвшинд байгаа талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунатай ярилцлаа.
-Төрийн албан хаагчидтай холбоотой хэрэг өсөх хандлагатай байна гэж ярьсан.
-Захиргааны хэргийн дагнасан шүүхээр хамгийн их шийдвэрлэгддэг газрын маргаантай холбоотой хэргийн дараа төрийн албаны маргаан ордог. Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн жинхэнэ албанд нэр дэвшигчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаан буюу төрийн албаны маргаан жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2004 оноос хойших 10 жилийн тайлангаас үзэхэд улсын хэмжээнд төрийн албатай холбоотой 1325 хэрэг, маргааныг Захиргааны хэргийн дагнасан шүүх шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 50 гаруй хувийг нь буюу 695 хэрэг маргааныг шийдвэрлэжээ.
-Энэ төрлийн маргаан ихсэх шалтгаан нь юу байна вэ?
- Төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлснээс болж ажлаас халагдах, сахилгын шийтгэл хүлээхээс гадна, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх. Төрийн байгууллага татан буугдах, хооронд нь нэгтгэн зохион байгуулсантай холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сэлгэх зэргээс үүдэн төрийн албаны маргаан их гарч байна. Түүнчлэн сонгуулийн дараагийн жил төрийн албатай холбоотой хэрэг, маргаан өсөх хандлага ажиглагддаг. Энэ нь Засгийн газар шинэчлэгдэн байгуулагдах, яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт, төрийн албан хаагчдын орон тоо, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх зэрэг үндэслэлээр халаа сэлгээ хийдэгтэй холбоотой. Сонгуулийн дараагийн жил шүүхэд хянан шийдвэрлэгдэх төрийн албаны хэргийн тоо өмнөх оныхоос хоёр дахин өсдөг.
-Тэгвэл хэдэн хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгддэг вэ?
-Шүүхээр шийдэгдэж байгаа хэргийн статистикийг аваад үзэхэд 50 гаруй хувь нь нэхэмжлэгчийн талд шийдвэрлэгддэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны акт хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгон шийдвэрлэдэг. Гэхдээ захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж байгаа үзүүлэлт гэж харагдаж байгаа ч энэ тоог аль болох буурах ёстой гэж үздэг. Энэ тоо буурч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй байна гэдэг нь цаанаа төрийн байгууллага, албан тушаалтан тэр хэмжээнд хуулийн дагуу шийдвэр гаргаж, хуулийн хүрээнд ажиллаж байна гэсэн үг юм.
-Төрийн албан хаагч алдаа гаргавэл ажлаасаа халагдах эсвэл өөрөөр хариуцлага тооцоод, учруулсан хохирлыг нь төр барагдуулаад өнгөрч байх шиг. Буруутай албан тушаалтнаар хохирлыг барагдуулах зохицуулалт хуульд байдаг биз дээ.
-Тийм зохицуулалт бий. Тухайлбал, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан этгээдэд нөхөн олгосон ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны зөвлөл буруутай этгээд буюу үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан албан тушаалтнаас шүүхийн журмаар нэхэмжлэн гаргуулах зохицуулалт байдаг юм. Энэ зохицуулалт хэрэгждэггүй. Гэтэл шүүхээс үндэслэлгүйгээр ажлаас халагдсныг тогтоосон бол ажилгүй байсан хугацааны цалинг тухайн байгууллагаас нь гаргахаар шийдвэрлэдэг. Энэ хугацаанд тухайн албан тушаалтны оронд нь томилогдсон хүнд цалинг нь олгосон байдаг. Тэгэхээр нэг албан тушаалын орон тоон дээр хоёр хүнийг цалинжуулсан гэсэн үг. Иймэрхүү байдлаар төрд учирч байгаа хохирол, төрийн албаны чиг үүргээ төрийн албан хаагч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдэд учруулж байгаа ямарваа хохирлыг төрөөс гаргаад, түүнийг нь буцаагаад ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох, жинхэнэ буруутай албан тушаалтнаас хохирлыг гаргуулах нь хангалттай хэрэгжихгүй байна.
-Төрийн албан хаагчдын хуулиа мөрдөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь ямар түвшинд байна вэ?
-Төрийн албаны маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт төдийлөн хангалттай биш. Ер нь шүүхийн шийдвэр зуун хувь биелэгдэх ёстой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт Эрүүгийн хуульд байдаг. Гэсэн ч эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгаад явж байгаа нь мөн хангалтгүй байна. Зарим албан тушаалтан хуульд нийцээгүй шийдвэрээр хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халчихаад, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Гэтэл халагдсан этгээдийн ажилгүй байсан хугацааны цалинг төрөөс нөхөн олгож байна. Тухайн орон тоон дээр өөр хүн томилох, тэр нь төрийн албыг зохих журмын дагуу хэрэгжүүлж чадахгүй байх ч тохиолдол гардаг. Энэ болгон дээр хариуцлагын механизмыг илүү тодорхой болгосон эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгаа. Хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан л бол түүнийхээ үр дагаврыг хариуцдаг байх ёстой. Энэ нь хариуцлага хүлээлгэх тодорхой зохицуулалт, эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа гэсэн үг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ