Спикерийн эзгүйд “дэд”-үүд томилогдох уу
2015-08-31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт хуралдана. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс Ерөнхий сайд “бусад” асуудлыг оруулж ирэх аж. “Бусад” гэсэн жагсаалтад дэд сайдуудын асуудал багтсан байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. МАН-ын 6 сайдыг огцруулснаар Засгийн газрын гишүүд түр орлон гүйцэтгэж байгаа билээ. Улс төрийн нам, эвслүүд улс төрийн тохироонд хүрээгүйгээс өнөөг хүртэл сайд нарын нэрийг парламентад өргөн бариагүй байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д болж байгаа Дэлхийн спикерүүдийн чуулганд оролцож байгаа. Тиймээс УИХ-ын даргын эзгүйд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрээ өргөн барихгүй.

 

Харин МАН-ын ажлаасаа чөлөөлөгдсөн дэд сайдуудын орны хүмүүсийг томилох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд хамаарч, парламентаар хэлцэгдэлгүй, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Өнгөрсөн долоо хоногт дэд сайдуудын нэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэн, Ерөнхий сайд зарим нэр дэвшигчийг нь хүлээж авахаас татгалзсан гэх мессэж тархсан.

 

Дэд сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, “Цагаан шонхор” группийн ерөнхийлөгч Ч.Энхтайван, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш нарын нэр дуулдсан. Ямартай ч Уул уурхайн дэд сайдад Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг, Аж үйлдвэрийн дэд сайдад Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдашийг, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг нарыг томилуулахаар тохиролцсон сурагтай. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр ч үүнийг баталж, “дэд сайдад манай нам аймгуудын АН-ын дарга нарыг томилно” гэж хэвлэлд ярьсан байна лээ.

 

Хэрвээ АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцсэн дээрх эрхмүүд дэд сайдаар томилогдвол энэ удаад ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд бус намынхаа шийдвэрийг дагалаа гэж дүгнэхээс аргагүй. Харин нэр дуулдаж байсан эрхмүүдээс өөр хүн дэд сайдаар томилогдвол Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэжээ гэж олон нийт үзэх биз.  

 

Хуулиараа Засгийн газрын танхим бүрдэж, сайд томилогдсоны дараагаар дэд сайдуудыг томилох заалт байхгүй юм билээ. Засгийн газрын тэргүүн “дэд”-үүдийг томилохдоо салбарын сайдтай нь зөвшилцөөд хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэдэг заалттай. Хэрвээ улс төрийн тохироо хийгдсэн тохиолдолд салбарын сайд нь ажлаа явуулж байгаа ХХАА-н, Уул уурхайн, Аж үйлдвэрийн дэд сайдыг салбарын сайд нартай нь зөвшилцөөд Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэн томилох юм.

 

Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын оруулж ирэх асуудал дэд сайдуудын томилгоо байх магадлалтай байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Erjan odoo zaailmoi:
Zam Teevriin Yamnii Erjan hasagiig zailuul???!!!! Hotgor zamiin Hairat gegch Muratiin duutei hamtarch buh zam, guuriin tenderiig zalgij guiclee. Zailuul naad muu hasguudaa...
2015-08-31