Ахмад дайчдыг шагналаа

img

Гэрэл зургийг MPA.MN

 

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

 

Өнөөдөр ахмад дайчдын төлөөлөл болгож 19 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулсан юм. Тухайлбал, Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Р.Дамбадаржаа, А.Дорж, У.Доржпалам, Б.Лааган нар шагнууллаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин С.Ванчигдоо, Х.Галжав, Д.Сэр-Од, Г.Цэгмэд нар энгэрээ мялаалаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин А.Дуламжав, Л.Халзан нар шагнуулсан бол Цэргийн гавьяаны одонгоор Р.Даш, Б.Дорж, С.Чимэддорж, Я.Рагчаа, Ц.Осор, И.Ламжав нар энгэрээ мялаалаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Алтан гадас одонгоор Д.Ишгомбо, Б.Маань, Л.Туваан нар шагнуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор 4,  Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 68, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 35, Цэргийн гавьяаны одонгоор 85, Алтан гадас одонгоор 43 гээд нийт 235 ахмад дайчныг шагнаж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цаашид үлдсэн ахмад дайчдын одон медалийг нийслэлийн дүүргүүд болон аймгуудын захиргааны төв байгууллагаас зохион байгуулан ёслол төгөлдөр гардуулан өгөх юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллалаа.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцсон. Өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна.  Нийтдээ 350 гаруй ахмад дайчин байгаа гэх судалгаа байгаа ба тэдний хамгийн залуу нь 90 настай байгаа бол хамгийн буурай нь 102 настай аж.

 

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ